2022 оны 8 дугаар сарын 29-ны Даваа гарагт Улсын Их Хурлын ээлжит бусаар хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний хамт Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар томилогдон ажиллахаар боллоо.
Ч.Хүрэлбаатар нь 1968 онд Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй.
Боловсрол:
1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургууль төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр
1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.
Ажилласан байдал:
1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан
1992-1995 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуульд багш
1998-2000 онд Эдийн Засгийн Бодлогын чадавхийг дэмжих төсөлд Ахлах эдийн засагч
2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх
2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга
2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2020 Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2017-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2021-2022 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга
Гадаад хэл: Англи, Орос
Тэрээр Сангийн сайдаар ажиллах хугацаанд хийсэн ажлуудаас товч дурьдвал:
Монгол улсыг "FATF"-ийн “Саарал”, “Хар” жагсаалтуудаас гарах ажлыг удирдан зохион байгуулсан.
Татварын хуулиудын цогц шинэчлэл хийсэн.
Хилийн боомтын шинэчлэлийг эхлүүлсэн.
Төсвийн мөнгийг бага хүүтэйгээр арилжааны банкуудад байршуулаад буцааж өндөр хүүтэйгээр зээлж авдаг байсан тогтолцоог халсан.
Улсын төсвийг жил бүр, зарим жилд 2-3 удаа тодотгож, зардлаа нэмдэг, хэтрүүлсэн зардлаа тодотголоор хуульд нийцүүлдэг байдлыг халж төсвийн сахилга батыг тогтоосон.
Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2 түвшин ахиулж, Covid-19 цар тахлын цаг үед улсын зээлжих зэрэглэлийг буулгалгүйгээр хэвээр хадгалж чадсан.
9.9 их наяд төгрөгийн өр төлж, өндөр хүүтэй, хугацаа богинотой үнэт цаасыг буцаан худалдаж авах, бага хүүтэй бондоор солих зэрэг арга хэмжээнүүдийг авч ажилласан.
2020 онд Төсвийн нээлттэй байдлын үнэлгээгээр "Open Budget Partnership" олон улсын байгууллагын судалгаагаар 15 улс орноор урагшилж 41-р байранд орсон.
2020 онд Хөгжлийн банк нь Сангийн яамны мэдэлд шилжиж ирсэн бөгөөд 2021 оны 4-р сараас эхлэн чанаргүй зээлүүдийг төлүүлэх, үр ашиггүй зардлыг бууруулах, бүтцийг оновчтой болгох зэрэг арга хэмжээг авч ажилласан.
2021 онд Төрийн банк чанаргүй зээлийн хэмжээг бууруулах, хямд эх үүсвэр гадаад зах зээлээс татах замаар 35.6 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байжээ.
Шинээр томилогдсон Ч.Хүрэлбаатар сайдыг Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг түр хариуцагч Б.Жавхлан тэргүүтэй яамны удирдлагууд хүлээн авч баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.