Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: "Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганд оролцох бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивосток хотноо болох "Дорнын эдийн засгийн чуулга"-д оролцоно.
Энэхүү чуулга уулзалтаар Ерөнхий сайд улс төрийн оролцооноос гадна эдийн засгийн хамтын ажиллагааны тодорхой төслүүдийг ярилцахаар төлөвлөсөн.
"Эгийн голын УЦС", төмөр замын төслүүд, эрчим хүчний нийлүүлэлт, шатахууны хангамж, үнийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон Засгийн газрын гишүүд, томоохон компанийн удирдлагуудтай уулзана.
Манай улс гадаад бодлогоор хоёр хөршийн харилцаанд тэргүүлэх ач холбогдол өгдөг гэдгийг гуравдагч хөршүүд маш сайн ойлгодог. Мөн манай хоёр хөрш манай улсыг гуравдагч хөршүүдтэй харилцаагаа улам өргөжүүлэх эрмэлзлийг ойлгодог.
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлоготой улс. Бүх бүс нутгийн санаачилга, эргэн тойронд болж буй үйл явдалд тасралтгүй оролцох нь Монгол Улс стратегийн бие даасан бодлолготой гэдгийг дэлхий нийтэд харуулах гол хүчин зүйл юм" гэлээ.