Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотноо жил бүр болдог Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад оролцохоор тус хотын Русский аралд хүрэлцэн ирлээ. Ерөнхий сайдыг Владивосток хотын Олон улсын нисэх буудалд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, Приморийн хязгаарын Амбан захирагчийн орлогч А.Е.Наздратенко, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн захирал А.Ю.Старичков, Владивосток хотын Засаг дарга К.В.Шестаков нарын албаны хүмүүс угтан авсан юм.    

Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга О.В.Белозёров бараалхав. Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнтэй утсаар ярьж, хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцож байсан юм. Монгол Улсын Засгийн газраас зүүн босоо чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг эрчимжүүлэн ажиллаж байгааг Ерөнхий сайд уулзалтын үеэр хөндсөн бөгөөд ийм төслүүд нь зөвхөн Монгол Улс төдийгүй хоёр болон гурван талт, цаашилбал энэ бүс нутгийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх шинэ суурь нөхцөл болох юм гэдгийг тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан боомтын сэргэлтийн хүрээнд Монгол Улсын төмөр замын салбарын шинэчлэл, бүтээн байгуулалт, өргөтгөлийн асуудлыг гүнзгийрүүлэхэд талууд санал нэгдлээ. Замын-Үүдийн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх буюу хос төмөр замтай болгох асуудлын талаар оросын талтай санал солилцов. Ойрын хугацаанд зүүн босоо төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж, “УБТЗ” ХНН-ийн өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэх талаар оросын тал байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, аюултай ачааг хот дундуур тээвэрлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Богдхан” төмөр замын төсөлд тус компанитай хамтарч ажиллах тохиролцоонд хүрлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлнэ. Энэхүү нэгдсэн хуралдааныг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нээж үг хэлэх бөгөөд Бүгд Найрамдах Армени Улсын Ерөнхий сайд Никол Пашинян, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Төрийн зөвлөлийн дарга Мин Аунг Лайнг нар мөн өөрсдийн байр сууриа илэрхийлэх юм.

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтад Монгол Улс анх удаа Ерөнхий сайдын түвшинд оролцож байгаа бөгөөд өмнөх чуулга уулзалтуудад Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ, БНСУ-ын Ерөнхий сайд асан Ли Нак Ён нар оролцож байсан юм.

Таны сурталчилгаа