Цаг үеийн мэдээ

Ардчилсан Залуучуудын Холбооноос "Мэдэгдэл" гаргалаа. Мэдэгдэлд: 

"Сүүлийн жилүүдэд Ардчиллын нэр хүндийг санаатайгаар унагаж, Ардчилсан Намын үнэ цэнэ, нийгмийн манлайлал, оролцоог гутаах гэсэн зарим нэг улс төрчдийн увайгүй үйл ажиллагааг Ардчилсан Залуучуудын Холбооны гишүүд бид эрс эсэргүүцэж байна. 

Явцуу ашиг сонирхолтой бүлэг этгээд АН-ын тамгаар “тоглоод” зогсохгүй намын дэргэдэх бүтцийн байгууллагуудыг хагалан бутаргах бусармаг ажиллагааг шат дараалан хийсээр, одоо 90 гаруй мянган гишүүнтэй залуучуудын байгууллага, АЗХ-руу халдаж эхэллээ. 

Бид өнгөрсөн хугацаанд намын аливаа хагарал, үл ойлголцлын үед эв нэгдлийг эрхэмлэж, тэвчээртэй хандаж ирсэн. Цаашид та бүхний бусармаг үйлдлийг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцохоо үүгээр мэдэгдэж байна.  

Сөрөг хүчнээ хувааж, эрх чөлөөт иргэдээ нухчин дарж, ардчиллын ололтоос ухарч байгаа эрх баригчдын ов мэхэнд автахгүй байхыг намын нэр барьсан хүмүүст анхааруулан сануулж, арчаагүй үйлдлүүдээ нэн даруй таслан зогсоохыг шаардаж байна. 

2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Ардчилсан Залуучуудын Холбооны чуулган нэртэй “ДҮРМИЙН БУС” арга хэмжээг зохион байгуулах гэж буй С.Эрдэнийн “балмад” ажиллагааг хүчин төгөлдөр бус гэдгийг энэхүү шаардлагаар дамжуулан мэдэгдэж байна.

Ардчилсан үзэл санааны төлөө, Ардчилсан намын эв нэгдлийн төлөө Ардчилсан Залуучуудын Холбооны нийт гишүүд бид нэгдмэл байгаагаа үүгээр илэрхийлж байна"

Таны сурталчилгаа