Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан 2022 оны 9 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Тэрээр Австралийн Холбооны Улсын Шадар сайд бөгөөд Батлан хамгаалахын сайд, Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ричард Марлз, Гадаад хэргийн сайд, Сенатор Пэнни Вонг болон албаны бусад төлөөлөгчидтэй хоёр талын албан ёсны уулзалтууд хийхийн зэрэгцээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах Ази-Номхон далайн орнуудын Сайд нарын бага хурал”-д оролцоно.

Энэ өдөр Шадар сайд С.Амарсайхан Австралийн Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Пэнни Вонгтой уулзаж, хоёр болон олон талт хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд ярилцав. Уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан Монгол, Австралийн найрсаг харилцаа өнгөрсөн 50 жилийн хугацаанд боловсрол, уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч зэрэг олон салбарт амжилттай хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, ирэх 50 жилд хоёр талын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд харилцан ашигтайгаар гүнзгийрүүлэн хөгжүүлэх, хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахын төлөө байгаагаа онцлов. 

Австралийн Гадаад хэргийн сайд Пэнни Вонг Шадар сайд С.Амарсайханг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ойн өдрүүдэд Австралийн Холбооны Улсад айлчилж буйд талархлаа илэрхийлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Шадар сайд С.Амарсайханы ярьсан зүйлтэй санал нэг байгаагаа хэлж, Рио Тинто компанийн Монгол Улсын Засгийн газартай хэрэгжүүлж буй Оюу Толгой төсөл нь хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үлэмж ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэв.

Таны сурталчилгаа