Цаг үеийн мэдээ

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, хэрэгжүүлэх нэгдмэл орчинг бүрдүүлэх  зорилготой “Оролцъё, төлөөлье” сэдэвт хэлэлцүүлэгт өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн хангах талаарх бодлого болон эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны өнөөгийн байдлыг танилцууллаа.

Тэрбээр, “Шинэ сэргэлтийн бодлого” бол нийгэмд шинэ хандлага, шинэ соёлыг дэлгэрүүлэхэд давхар чиглэгдэж байгаа. Эрчим хүч, боомт, төрийн бүтээмжийн сэргэлтийг хийснээр том агуулгаараа иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ. Суурь асуудлуудыг шийдэхгүйгээр бидний дэвшүүлсэн зорилт зөвхөн тоо болж үлдэнэ. Эдгээрийг хэрэгжүүлж байж дундаж давхаргыг нэмэгдүүлнэ. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгаатай байдлыг бууруулж, иргэдийн орон нутаг руу зорих нөхцөлийг бүрдүүлж чадна. Түгжрэл, эрчим хүчний хүндрэл гээд асуудал бүрийг уялдаатайгаар шийдвэрлэх учиртай” хэмээн хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ онцлов. Мөн “Миний бие Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хороог ахалж байгаагийн хувьд жендэрийн тэгш байдлыг агуулгын хувьд, суурь асуудлуудыг нь шийдэх чиглэлээр, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бүх талаар дэмжиж ажиллана. Үүнийг нэг тод жишээ бол Засгийн газрын танхимдаа эмэгтэй сайд нарын тоог урьд байгаагүйгээр нэмэгдүүлэхийг хичээсэн. Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь маш чухал. Зөвхөн тооны асуудал биш. Ерөнхий сайдын ажлын албаны даргаар ажиллаж байсан Э.Болормааг Ховд аймгийн Засаг даргаар томилсон явдал ч тохиолдлын хэрэг биш. Энэ нь мэдлэг, боловсролтой залуучууд орон нутагт ажиллаж болдог, эмэгтэй хүн орон нутгийг удирдаж чадна гэдгийг нийгэмд харуулах давхар зорилготой юм” хэмээн тодотголоо.

Түүнчлэн эрчүүдийн асуудалд анхаарах цаг болсон гэдгийг ч хөндсөн юм. Монгол Улсын нийт хүн амын 51 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг ч нийт ажиллах хүчнээс гадуурх хүн амын 62 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдээс 9-10 жилээр богино байна. Мөн их, дээд сургуульд суралцагчдын хүйсийн тэнцвэр алдагдаж, сургууль завсардсан хүүхдүүдийн 72 хувь нь, өрх толгойлсон гэр бүлийн 13 хувь нь эрэгтэйчүүд байгааг дурдав.

Эцэст нь, жендэр гэдэг бол зөвхөн хүйсийн ойлголт, улс төрийн оролцооны төдий асуудал биш. Жендэр бол нийгмийн зөрчлийг багасгахад, тэгш бус байдлыг арилгахад онцгой ач холбогдолтой. Тиймээс жендэрийн тэгш байдлыг дэмждэг шинэ хандлагыг нийгэмд бүрдүүлэх нь чухал. Бүхэлдээ хүйсийн тэгш байдал шийдвэр гаргалтад, нийгмийн болоод хүний хөгжилд чухал гэдгийг ойлгосон, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмждэг нийгмийг бүтээхийн төлөө бүгд хамтарч ажиллах хэрэгтэй" гэлээ.

Таны сурталчилгаа