Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны хүрээнд Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын ээлжит зургаадугаар уулзалт Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 09 дүгээр сарын 15-ны өдөр болов.
Талууд Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридорын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гурван талын хамтын ажиллагааны тодорхой чиглэлд ахиц гаргах талаар хэлэлцлээ.
Тухайлбал, “Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан гурван улсыг холбосон төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, техник, эдийн засгийн үндэслэлийн ажлыг эхлүүлэхээр тохиролцов.
Түүнчлэн төмөр замын зүүн, баруун коридорыг байгуулах, хил, гаалийн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн чухлыг харилцан онцоллоо. Гурван улсын хооронд авто тээврийг хөгжүүлэн, Азийн авто замын сүлжээгээр гурван улсын хооронд тээврийг нэмэгдүүлэх талаар ярилцав.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолой барих төсөл нь гурван улсын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдолтой болохыг талууд онцоллоо.
Төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлд хамтран ажиллаж, төслийг хариуцсан холбогдох аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах нь чухал гэдэгт талууд санал нэгдэв.
Иргэд хоорондын харилцаа, хил дамнасан аялал, жуулчлалыг хөгжүүлэх нь гурван улсын харилцаанд чухал ач холбогдолтой гэдэгт Төрийн тэргүүн нар санал нэгдлээ.
“Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хугацааг таван жилээр сунгасныг Төрийн тэргүүн нар уулзалтын үеэр тэмдэглэлээ.