Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, Т.Аубакир Ч.Ундрам, Ж.Эрдэнэбат нар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд (2022.09.24) Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн сумдад ажиллалаа.

Сэлэнгэ аймаг дахь ажлын томилолтыг орон нутгийн газар, нэгжийн удирдлага болон төрийн албан хаагчидтай хийсэн уулзалтаар эхлүүүлэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга дэвшүүлж, Монгол Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолд таван чиглэлийн 114 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр анхдагч 3 хуулийн төсөл, 1 хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 6 хууль, 1 тогтоолд өөрчлөлт оруулах хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр, холбогдох 7 дүрэм, журмыг боловсруулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн ба Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл, Ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хуулийн төслийг боловсруулаад байна. Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор эрх зүйн орчны өөрчлөлтөд анхаарал хандуулан Улсын Их Хурлын 2022 оны намрын чуулганы хугацаанд Хүнсний тухай, Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай зэрэг бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар бэлтгэл ажлуудыг хангаад байна. Мөн Хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журмын төслийг боловсруулж, Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүтгэлийн журмыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар баталж, цахим ситсемд шилжүүлээд байна. Ингэснээр дотооддоо тариалсан, гарал үүсэл тодорхой хүнсний ногоог хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх боломж бүрдэх юм гэдгийг онцлон тэмдэглэв.

Энэ үеэр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус бүс нутагт нэг жилд 50-100 сая ширхэг мод тарих боломжийг бүрдүүлээд байна гэсэн бол аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа мод үржүүлэх, суулгах талбай бэлтгэхэд зарим газрыг чөлөөлөх шаардлага үүсдэг. Гэтэл тухайн газрыг заавал дуудлага худалдаагаар оруулах нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд уг зохицуулалтыг холбогдох хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэв. Аймгийн 17 сумын хэмжээнд нийт 36.7 мянган тонн багтаамж бүхий хүнсний ногоо хадгалах, нүхэн болон механик зоорь байгаа аж. Үүнд өвлийн хүлэмж, зоорь байгуулахад төрөөс дэмжлэг хэрэгтэйг дурдаж байлаа.

Сэлэнгэ аймгийн газар тариалангийн тухайд

Сэлэнгэ аймаг 4.1 сая га талбайтай, нийт нутгийн 50.0 хувь хөдөө аж ахуйн эдэлбэр газар, үүний 15.3 хувь нь үр тариа, 0.3 хувь төмс, хүнсний ногоо, 0.01 хувь нь жимс, жимсгэнэ. 78.4 хувийг бэлчээр, 6 хувийг хадлангийн талбай, 0.2 хувь хөдөө аж ахуйн барилга байгууламж эзэлдэг аж. 2022 оны есдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар 30.3 мянган га талбайг ангилан хадаж, 19.7 мянган га-аас 11.9 цн буюу 23.4 мянган тонн улаанбуудай 14.5 хувьтай, 0.9 мянган га-аас 11.0 мянган тонн төмс 42.0 хувьтай, 1.2 мянган га-аас 1.3 мянган тонн хүнсний ногоо 40.6 хувьтай, 0.1 мянган га-аас 0.2 мянган тонн тэжээлийн ургамал 0.8 хувьтай, 0.4 мянган га-аас 0.2 мянган тонн тосны ургамал 0.9 хувьтай тус тус хураан авч, нийт үр тариа 12.8 хувьтай байна.

Улсын Их Хурлын дарга, гишүүд үргэлжлүүлэн Алтанбулаг чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцав. Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн хүрээнд Алтанбулаг сумын дулаан хангамжийн эх үүсвэрээс чөлөөт бүс рүү дэд бүтэц татах, цахилгаан  болон дулаан хангамжийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэх, хатуу хучилттай авто замын барилга угсралтын ажлыг тусгаж, санхүүжилтийг шийдвэрлэх, бохир болон цэвэр усны шугам сүлжээг ашиглалтад оруулах шаардлагатай байгааг, мөн тус чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулах хүсэлттэй аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж, чөлөөт бүсэд зөвхөн худалдаанаас гадна үйлдвэр үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийг дэмжих нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга, гишүүд онцолж байв.

Алтанбулаг чөлөөт бүсийн тухайд

Чөлөөт бүс хөгжүүлэх бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” баримт бичиг, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт тусгагдсан. Алтанбулаг чөлөөт бүсэд 2003 оноос нийт 26.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдээд байгаа юм байна. Үүнд хамтран ажиллах гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгжтэй, газар эзэмшин ашиглаж байгаа 126 иргэн, аж ахуйн нэгжтэй, хөрөнгө оруулалт хийсэн 54 аж ахуйн нэгж 12.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан. Одоогоор цахилгаан хангамжийн өргөтгөлийн ажил-цахилгаан хангамжийн 35/10 кВа дэд станцын барилга өргөтгөлийн ажил хийгдэж байгаа юм байна.

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов

Дараа нь Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон гишүүд Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзлаа. Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв.

Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын даргаас хүссэн юм.  

Уг асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

Улсын Их Хурлын дарга, төлөөлөгчид үргэлжлүүлэн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр дэх газар тариалан эрхлэх “Арвин хур” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус аж ахуйн нэгж нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн талаар танилцуулж байв. Тус компанийн ерөнхий захирал Ч.Чадраабал Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлсэн үрийн буудай нь эрэлт бага байсан. Иймд үрийн чанар, борлуулалтад төрөөс анхаарах, материаллаг баазад түшиглэн үрийн аж ахуйг хөгжүүлэх талаар саналаа хэлж байв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэж, үүнд эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийлэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар болон төлөөлөгчид “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын хэрэгжилтийг хангуулах, хянан шалгах чиглэлийн хүрээнд маргааш Дархан-Уул аймагт ажиллана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таны сурталчилгаа