Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр /2022.09.26/ “Халамжаас-Хөдөлмөрт” хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд Д.Сарангэрэл “Манай яамныхан бол улны айлууд гэж нэрлэдэг юм байна. Өөрөөр хэлбэл, үнэхээр ядуу байгаа айл өрх. Ядуу гэдэг үг хэрэглэхээ больж, эмзэг бүлэг, зорилтот бүлэг гэж байгаа юм. Гэхдээ миний найз эмзэг бүлгийн хүн гэлтэй нь биш дээ, ядуу гэдгээрээ явах нь зөв гэж би бодоод байгаа юм" хэмээн хэлсэн нь олон нийтийн эгдүүцлийг хүргээд байна.
Харин өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл "улны-айл" гэх үгэндээ тайлбар хийлээ.
Тэрээр: "Өчигдөр төрийн ордонд Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлэгийн үеэр миний бие ядуурлын түвшнээс доогуур байгаа хүн амын бүлгийг "улны айлууд" хэмээн нэрлэж болгоомжгүй үг хэллэгийн алдаа гаргасандаа юуны өмнө хүлцэл өчиж байна.
Миний хэлсэн болгоомжгүй үг бол Олон улсын түвшинд ядуурлын хамгийн доод түвшин буюу хязгаар bottom буюу улны айлууд гэж орчуулдаг гэж надад манай мэргэжлийн хүн ойлгуулсан. Би тэрийг нь бодолгүйгээр, болгоомжгүйгээр хэлж олон хүнийг гомдоож бухимдал үүсгэсэн нь миний үгийн сонголтын буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа" гэлээ.