Өнөөдөр /2022.09.30/ Ардчилсан намын удирдлагууд, 21 аймгийн намын дарга, ХЭГ-ын дарга, 330 сумын намын дарга нартай цахим уулзалт буюу /ZOOM/ хурал хийж цаг үеийн асуудлаар мэдээлэл хүргэж, санал солилцов.
Уулзалтаар Ахмадын баярын өдрийг Төв нам, аймаг сумдын хүрээнд хэрхэн зохион байгуулж буй зохион байгуулалт, Ардчилсан намын Гадаад харилцааг хөгжүүлэх хүрээнд ХБНГУ, Бельги Улс, Чех Улсад хийсэн Ардчилсан намын төлөөлөгчдийн ажлын томилолтын тухай дүгнэлт мэдээлэл, Ардчилсан намын зөвшилцлийн ажлын хэсгийн тайланг сонслоо. Энэ үеэр Ардчилсан намын Баян-Өлгий аймгийн Улаан-Хус сумын Ардчилсан намын дарга М.Есенбек, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ардчилсан намын дарга М.Абужалел, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Ардчилсан намын дарга Д.Занданбал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардчилсан намын дарга С.Төгсбаатар нар асуулт асууж, саналаа хэллээ. Ардчилсан намын Хэрэг эрхлэх газар ийнхүү долоо хоног бүр 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын Ардчилсан намын дарга нартай цахим уулзалтыг цаг үеийн асуудлаар хийж байгаа аж.