МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 бөхийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын гурав дахь өдрийн барилдаанд Баянхонгор, Сэлэнгэ аймгийн бөхчүүд барилдав.
Хоёр баг тэнцүүхэн өрсөлдсөөр Баянхонгор аймгийн баг 13:12-оор ялалт байгуулж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ гардлаа. Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг, барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө гардацгаав. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв.
Тус багт улсын өсөх идэр, улам нэмэх начин Б.Эрдэнэхүү /1 даваа/, улсын начин Д.Цэрэнтогтох /5 даваа/, Э.Батмагнай /4 даваа/, аймгийн арслан Ч.Алтангэрэл /2 даваа/, цэргийн арслан Г.Жамбалдорж /1 даваа/ - нар багтсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын начин Э.Баярбаатар /3 даваа/, аймгийн арслан Б.Уугандаваа /3 даваа/, аймгийн заан Б.Ганбаяр /2 даваа/, аймгийн харцага Х.Наранбаяр /2 даваа/, Н.Ширчинхүү /2 даваа/ -тай барилдсан юм. Хоёр баг сэлгээний бөхгүй өрсөлдөв.
Маргааш орой буюу 10-р сарын 04-ний 19:00 цагаас Улаанбаатар хотын баг Тува улсын багтай өрсөлдөнө.