Цаг үеийн мэдээ

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2022.10.12) хуралдаан 68.4 хувийн ирцтэйгээр 09 цаг 48 минутад эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

    Монгол Улсын Их Хурлын 2022 оны долдугаар сарын 01-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм. Анхны хэлэлцүүлгийн үеэр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь бүртгэх байгууллагад бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх нь Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарах эсэхийг нягтлах саналыг Улсын Их Хурлын гишүүд гаргасан. Ажлын хэсэг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэрээ дээрх асуудал болон чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн хүрээнд ажилласан гэв. Ингээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь зөвхөн бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх тул Зөвшөөрлийн тухай хуулийн харилцаанд хамаарахгүй гэж үзсэн байна. 

    Түүнчлэн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага, эсвэл менежерээр ажиллах этгээдэд тавигдах шаардлагыг төсөлд тусгасан бөгөөд уг этгээд тухайн албан тушаалд томилогдсоны дараа уг шаардлагыг хангаагүй талаар баримт илэрсэн тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулах, барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдүүдийг зохицуулах анхдагч хууль баталж байгаатай холбогдуулан одоо үйл ажиллагаа явуулж байгаа этгээдүүдийг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх журмын сургалтад нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй хамруулах, хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор хуулийг 2023 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх, олон улсад санхүүгийн шинэ арга хэрэгсэл бий болж байгаатай холбогдуулан иргэдэд мөнгө, зээл, санхүүгийн талаар үнэн зөв, тодорхой мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагын улмаас иргэдэд санхүүгийн мэдлэгийг үнэ төлбөргүй олгох ажлыг гүйцэтгэх асуудлыг төсөлд тусгах шаардлагатай хэмээн үзэж холбогдох саналын томьёоллуудыг боловсруулсан байна.

    Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авав. Төслийн хүрээний зохицуулалтад ломбард буюу барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх үйл ажиллагаа холбогдох эсэх, холбогдох  тохиолдолд тэдгээрийн төлөөлөлтэй зөвшилцөн ойлголцолд хүрсэн эсэхийг тодруулсан юм. Зохицуулалтад хамаарах бүх талтай холбогдож, хамтран ажилласан гэдгийг Д.Цогтбаатар гишүүн хариултдаа хэлсэн. Хуулийн төсөл батлагдан хэрэгжиж эхэлснээр аливаа төрлийн мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхлэгч бүр тодорхой шалгуур хангасан тохиолдолд зөвшөөрөл авах шаардлагагүйгээр, бүртгүүлнэ гэдгийг онцлон тайлбарлав. Эргэлтийн хөрөнгийн хэмжээгээр ангилж, бүртгүүлэх үйл явц өөр байна, үйл ажиллагаа эрхлэгчдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохицуулахаар төсөлд тусгасан гэв. Б.Энх-Амгалан гишүүн мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрт ямар хяналт тавих талаар болон үйл ажиллагааны зохицуулалтын талаар тодруулж, хариулт авсан юм. Монгол Улсад ФАТФ-аас 40 зөвлөмж өгсөн бөгөөд энэ хүрээнд аливаа төрлийн санхүүгийн үйл ажиллаа бүртгэлтэй, хяналттай, санхүүгийн эх үүсвэр нь тодорхой байх шаардлага тавигдаж байгаа бөгөөд эдгээрийг биелүүлэх хүрээнд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Х.Нямбаатар сайд хэллээ. Энэ хүрээндээ Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ямар нэг хэмжээний мөнгөн зээл олгох үйл ажиллагаа эрхэлж байгаа бол бүртгэл, хяналттай болно гэв.

    Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Байнгын хорооны 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цагалварыг батлав

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь заалтын дагуу “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Энэ талаар Байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар танилцуулсан юм.

    Хууль зүйн байнгын хороо 2022 оны 10 дугаар сард Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.

    Түүнчлэн хэлэлцэх хугацааг хуульд тусгайлан заасан болон бусад Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны эрхлэлх асуудлын хүрээний хууль, Улсын Их Хурлын бусад шийвэрийн төслийг хэлэлцэхэд энэ цаглавар хамаарахгүй аж.

    Байнгын хорооны дээрх тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 14 гишүүний 12 нь буюу 85.7 хувь нь дэмжснээр “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 10 дугаар сард Хууль зүйн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав.

Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт орууллаа

    Дараа нь Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарыг Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаас чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгаланг томилохоор төсөлд тусгажээ. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 85.7 хувь нь дэмжиж, "Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай" тогтоол батлагдав.

    Үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар холбогдох тогтоолын төслийг хэлэлцэв. Уг төсөлтэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн бол Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Пүрэвдорж нар санал хэлсэн. Х.Нямбаатар гишүүний гаргасан саналын дагуу “Байнгын хорооны тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхийг хойшлуулах горимын саналаар санал хураалаа. Хуралдаанд оролцсан гишүүдийн 71.4 хувь нь эл горимын саналыг дэмжсэн тул тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулав.

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Засгийн газраас 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг өнөөдрийн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулав.

    Монгол Улс Нэгдсэн Үндэсний байгууллагын Авлигын эсрэг конвенцид нэгдэн орсноор гишүүн орны хувьд мэдээлэгч, илчлэгчийг хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэг хүлээж байгааг тэрбээр танилцуулгадаа дурдсан. Түүнчлэн Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 111 дүгээрт эрэмбэлэгдэж байгааг ирэх хоёр жилийн хугацаанд бууруулж, хоёр оронтой тоонд оруулах зорилтыг Засгийн газраас дэвшүүлээд байгаа гэв. 

    Монгол Улсын хувьд 2002, 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталсан ч шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байгаа гэв. Трансперенси Интернэшнл байгууллагаас Ази Номхон далайн бүс нутагт явуулсан судалгаагаар авлигын эсрэг тэмцэх хамгийн үр дүнтэй алхам нь мэдээлэх, гэхдээ  үр дагавраас нь айдаг тул мэдээлэх буюу шүгэл үлээх алхам хийдэггүй гэх дүгнэлт гарсан байна. Дэлхийн 30 гаруй оронд шүгэл үлээгчийг хамгаалах үр нөлөөтэй механизмыг бүрдүүлэн, зохих урамшууллыг олгодог талаар мөн төслийн танилцуулгад дурдсан юм. 

     Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг олон улсын жишигт нийцүүлэх үүднээс төслийг боловсруулжээ. Төсөлд хуулийн үйлчилэх хүрээг “авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих талаар нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн этгээдийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцаа” хэмээн тодорхойлсон байна.

    Шүгэл үлээгчид хуулиар эрх олгох, дэмжих, урамшуулах, хамгаалах мөнгөн хөрөнгийн хэмжээ, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдэл буюу шүгэл үлээгч болон түүний хамаарал бүхий этгээд бусдын өш хонзон, ялгаварлан гадуурхалд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй аливаа хэлбэрийн цээрлүүлэлт, хувийн мэдээлэл, аюулгүй байдалд учрах эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцууллаа. Түүнчлэн төрийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэх явцдаа авлига, ашиг сонирхлын талаар олж авсан мэдээллээр шүгэл үлээхэд төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хувь хүний нууцын мэдээллийг хамгаалах хууль тогтоомжийн хязгаарлалтад хамаарахгүй байхаар заажээ. Шүгэл үлээгчийн мэдээлэл хүлээж авах, холбогдох эрх бүхий байгууллага, тэдгээрийн эрх, үүрэг, мэдээлэл хүлээн авах тусгай дотоод нэгж, мэдээллийг бүртгэх, эрх бүхий байгууллага хоорондын дундын мэдээллийн сантай байхаар, АТГ шүгэл үлээсэн талаарх мэдээллийг улсын хэмжээнд нэгтгэн гаргаж, олон нийтэд буюу Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлдэг байхаар, мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандах мэдээллийг хүлээн авсан, хэвлэл мэдээллийн байгууллага, шүгэл үлээсэн мэдээллийг мэдээлсэн, эх сурвалжаа нууцлах хэрэгтэй байх зэрэг асуудлыг нарийвчлан тусгажээ.

    Олон улсын жишигт нийцүүлэн хуулийн төслийн онцлох зохицуулалт буюу шүгэл үлээгчийн нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсний төлөө дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх хүрээнд 100.000-аас 1.5 тэрбум төгрөгийн урамшлуулал олгохтой холбоотой зохицуулалтыг мөн тусгасан байна. Шүгэл үлээсний үр дүнд нийтийн ашиг сонирхлыг хохироосон гэмт хэргийг илрүүлсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх, ял хөнгөрүүлэх нөхцөл хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор нэмж тусгасан байна.

    Хуулийн төсөл батлагдсанаар иргэдэд эрх бүхий төрийн байгууллагаас түргэн шуурхай үйлчилгээ авах боломж нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээний чанар, үр нөлөөг хянах, хүний эрх тэгш байдал, тэгш нөхцөл байдлыг хангах, урамшуулах, хамгаалах нэгдсэн тогтолцоотой болох аж. Ингэснээр төрийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төрийн үйл ажиллагаанд итгэх итгэл дээшилнэ гэж үзсэн байна.

    Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Б.Энхбаяр, Б.Энх-Амгалан, Ц.Сандаг-Очир, Ш.Адьшаа нар асуулт асууж, Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, мэдээлэл авлаа. Дараа нь төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Б.Энхбаяр гишүүн төслийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч төрийн болон албаны нууцтай холбоотой асуудлаар шүгэл үлээсэн харилцааг зохицуулах, татварын асуудлаар шүгэл үлээхийг дэмжих асуудлуудыг тусгах шаардлагатай гэв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар нар үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таны сурталчилгаа