УИХ-ын гишүүн С.Ганбаатар Монгол улсын 2023 оны төсвийн төслийн талаар Ардчилсан намын удирдлагууд болон анхан дунд шатны намын дарга нар, гишүүдтэй цахим хэлэлцүүлэг өрнүүллээ.
Өнөөдөр /2022.10.12/ Ардчилсан намын ХЭГ-аас тогтмол зохион байгуулдаг 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын дарга нарын цахим уулзалт боллоо. Энэ удаагийн цахим уулзалтад УИХ-ын гишүүн С.Ганбаатар оролцож Монгол улсын 2023 оны төсвийн төсөл болон цаг үеийн асуудлаар АН-ын УТЗ-ийн гишүүд, АН-ын Дэд дарга нар, АН-ын ХЭГ-ын дарга нар болон 330 сумын Ардчилсан намын дарга нартай цахим хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар хэлэхдээ, “Монгол Улсад 3,4 сая иргэнээр тооцож 33,4 тэрбум ам.долларыг хуваахад нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ноогдож байна. 33,4 тэрбум ам.доллар нь монгол төгрөгөөр 80-90 их наяд төгрөг болно. Дунджаар монголд таван гишүүнтэй нэг ам бүл 150 сая төгрөгийн өртэй. Грекийн ерөнхий сайд Алексис Ципрас 10 гаруй жилийн өмнө улсынхаа өрийг тэглэж байсан. Манай авсан өрийн хүү нь өөрөө үндсэн зээлээсээ дээшээ давчихсан. Спекуляци буюу мунхруулга хийж биднийг луйвардсан гэсэн үг. Үүнтэй тулж гаднынхантай үзэлцэх нь өнөөдөр энэ Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын үндсэн ажил.
2013-2016 онд гурван их наяд төгрөгөөр 86 мянган гэр бүл шинээр орон сууцанд орсон тооцоо байна. Ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларыг яаралтай төлөх ёстой. Хүү нь 1,8 тэрбум ам.доллар. 1,8 тэрбум ам.доллар гэдэг нь 6 их наяд төгрөг. 6 их наяд төгрөг гэдэг бол 1000 сургууль барих зардал гэсэн үг. Бид зөвхөн хүүд нь 1000 сургууль, цэцэрлэгээ өгч байна.
Төсөв гэдэг бол Монголын ард түмэн, баялаг бүтээгчдээс авсан мөнгөө, жирийн хөдөлмөр эрхэлж буй ажилчин хүмүүсээс авсан татвар, шимтгэл хураамжаа яаж буцааж тэдэнд зарцуулах вэ гэж ярьж байгаа үйлдэл. Хуулиар баялаг бүтээгч, татвар төлөгч нараас хэдэн төгрөг хэрхэн авсан, яаж юунд зарцуулах гэж байгаа тухай урьдчилж заавал тэднээс асуух ёстой байдаг.
БНСУ-ын Ерөнхий сайд манай улсын Ерөнхий сайдаас 10 дахин сайн ажиллаж байна. Яагаад гэвэл тэр хүн өөрийнхөө иргэдийг ажилтай, орлоготой болгосон. Дээр нь нэмээд ядарсан монгол залуучуудыг ажилтай орлоготой болгож байна. Манай Ерөнхий сайд маш муу ажиллаж байна. Монгол залуучуудыг гуйлгачин болгож байна. Ард түмэнд ил тод нээлттэй хэлэлцүүлэг гэж одоо явж байна. Энэ хэлэлцүүлэг дээр орлого, зарлага, юунд зарцуулах тухай мэдээллийг өгөх хэрэгтэй. Орон нутагт төрд ажиллах сонирхолтой хүн гэж байхгүй болсон. Сүүлийн гурван жил яг Л.Оюун-Эрдэнэ засаглаж байгаа энэ үед төсвийн алдагдал 10 их наяд болсон. Өнөөдөр баталж буй төсвийнх нь талтай тэнцүү хэмжээний алдагдал. Төсвийн алдагдал гэдэг бол нэргүй татвар юм.” гэлээ.
Мөн Ардчилсан намын Удирдах Зөвлөлийн гишүүн Ш.Түвдэндорж, Дархан-Уул аймгийн Орхон сумын Ардчилсан намын дарга Д.Эрдэнэцогт, Төв аймгийн Заамар сумын Ардчилсан намын дарга Б.Самбуу, Говь-Алтай аймгийн Чандмань сумын Ардчилсан намын дарга Ч.Эрдэнэ-Очир, Булган аймгийн Бугат сумын Ардчилсан намын дарга Х.Ууганбаяр, Говьсүмбэр аймгийн Ардчилсан намын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ч.Батжаргал, Увс аймгийн Ардчилсан намын Дэд дарга А.Арцанхүү, Төв аймгийн Баянжаргалан сумын Ардчилсан намын дарга Г.Дүүрэн, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Ардчилсан намын дарга С.Төгсбаатар нар асуулт асууж, саналаа хэллээ.