Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентопын урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр мордлоо.

Улсын Их Хурлын даргын албан ёсны айлчлал 2022 оны аравдугаар сарын 13-наас 17-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Улсын Их Хурлын даргын айлчлал нь өндөр, дээд хэмжээний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой.

Айлчлалын үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНТУ-ын Үндэсний Их Хурлын дарга М.Шентоптой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Мөн БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдоанд бараалхаж, БНТУ-ын Үндсэн хуулийн цэцийн дарга З.Арслан, БНТУ-ын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, профессор, доктор М.Шекер нартай албан уулзалтууд хийнэ. Түүнчлэн, Монгол, Туркийн бизнес форумд оролцож, худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа, хэлэлцээнд оролцоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.     

Таны сурталчилгаа