Хоёр хуваагдсан АН-ын С.Эрдэнийн талынхан сүүдрийн Засгийн газар байгуулж, Ч.Сайханбилэг тэргүүлэхээр болжээ. Гэмт хэрэгт шалгагдаж байгаад Америк руу бултаж, Америкийн өндөр байшингуудын сүүдэрт амьдарч байгаа хүн сүүдрийн Засгийн газар толгойлох нь маш сайн зохино гэж тэд үзсэн бололтой. Нарны гэрэлд гарах аргагүй, сүүдэр бараадаж яваа, сүүдэр нь энд тэнд сүүдрийн гэх тоглоомын Засгийн газрыг бүрдүүлж, сүүдэр зургаа тавиулж байгаад сүүдэр ший тоглоно. Наранд нам, намынхаа бүлэг бүлэг, залуучууд, ахмад, эмэгтэйчүүдийн холбоогоо бүгдийг нь хуваасан АН-ынхны хэрүүл сүүдрийн ертөнцөд ч үргэлжлэхээр боллоо. Бие биенээ намаасаа, өрөө савнаасаа харилцан хөөсөөр байгаа хүмүүс энэ миний сүүдэр, чиний сүүдэр хулхи, манайх жинхэнэ ориг сүүдэр, нөгөө талын копи гэх мэтээр ач тач, ана мана үзэлцэнэ. Тэр урт сүүдэр бол Ч.Сайханбилэгийнх бөгөөд тамгатай талын оригиналь сүүдэр шүү, Женко Х.Баттулгын тэр богинохон сүүдэр хууль бус шүү гэж ярилцлага өгнө. Эсрэг тал сүүдэр урт байх тусмаа хуурамч шүү, Америкаас Монгол хүртэл тусдаг сүүдэр гэж байхгүй гэх мэтээр хэрүүл зөрчил нь сүг сүүдэр, сүнслэг ертөнцөд ч үргэлжлэх төлөвтэй байна.