Цаг үеийн мэдээ

Ардчилсан намаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийлээ. 

АН-ын дарга С.Эрдэнэ "Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хуралдаанаа хийсэн. Ардчилсан нам бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж байгаа. Ирэх оны төсвийг сонгуулийн төсөв болгож оруулж ирж байна гэж харж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг эгүүлэн татаж авах шаардлагатай. Төсвийг татахгүй бол АН цаашдаа улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ. Улс орны нийгэм, эдийн засаг, иргэдийн ажил, амьдрал ямар байгаа билээ. Иргэдийн амьдрал өдөр ирэх тусам хүндэрч байна. Төрөөс нийгэмд тустай бодлого, шийдвэр ерөөсөө гарахгүй байна. Төсвийн хөрөнгөөр УИХ-ын дарга нь анимэйшн хийдэг. Ийм байдлаар бид урагшлахгүй. Тиймээс нэр бүхий хүмүүсийг огцруулах шаардлага тавьж байна.

Нийслэлийн АН-ын дэд дарга А.Цэрэнбат:

 "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дараах шаардлагыг хүргүүлж байна. Монгол Улсын 2023 оны төсвийн төслийг Засгийн газар нэн яаралтай эргүүлэн татан авч, Үндсэн хууль болон холбогдох хуулиудын хүрээнд Монголын ард түмний нийтлэг эрх ашигт нийцсэн төсвийн төслийг дахин хянан боловсруулж, өргөн барихыг шаардаж байна" гэв.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ЦЕГ-ын дарга Ж.Болд нарыг нэн даруй огцруулахыг шаардлаа. Хариуг 2022 оны аравдугаар сарын 19-ний дотор АН-д албан ёсоор мэдэгдэхийг шаардлаа. Шаардлагыг хүлээн авч биелүүлээгүй тохиолдолд АН-ын зүгээс бусад улс төрийн нам, олон нийтийн байгууллагууд, иргэд, сонгогчдын өргөн оролцоотойгоор эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах, бүх нийтийн ажил хаялтад уриалах, зохион байгуулах зэрэг шат дараалсан тэмцлийг хийнэ гэдгээ анхааруулсан юм.

Таны сурталчилгаа