МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдыг томилох асуудлыг хэлэлцжээ. Удирдах зөвлөлийн хурлаар УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы нэрийг нэр дэвшүүлсэн бөгөөд зөвлөлийн гишүүд бүгд дэмжсэн байна. Тухайн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "Монгол улсын засгийн газрын хуулийн 21.5 дахь заалт байгаа. Энэ заалтаар сайдын орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногийн дотор багтаан УИХ-д өргөн мэдүүлж ерөнхийлөгчид танилцуулах хуулийн заалттай. ХНХ-ын сайд 7-ны өдөр чөлөөлөгдсөн. Өнөөдрөөр хуулийн хугацаа дуусаж байгаа учраас өнөөдөр албан ёсоор оруулж ХНХ-ын сайдын асуудлыг шийдвэрлэлээ. ХНХ-ын сайдад УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханыг нэр дэвшүүлж удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Одоо Ерөнхийлөгчид танилцуулах процесс явагдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс дэмжлэг үзүүлбэл өнөөдөр УИХ-аар орж эцэслэн шийдвэрлэгдэнэ.
Мөн ХХААХҮ-ийн дэд сайдад МАН-ын гишүүн, Социал демократ оюутны холбооны ерөнхийлөгч М.Ганхүлэгийг нэр дэвшүүллээ. М.Ганхүлэг залуу боловсон хүчин, Хүнс хөдөө аж ахуйн мэргэжлийг эзэмшсэн, ХАА-н эдийн засагчаар ХААИС-ийн төгссөн шилдэг залуу байгаа" гэлээ.