Цаг үеийн мэдээ

   Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.10.27) хуралдаан 10 цаг 08 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа.

   Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн, 10 дугаар зүйлд заасны дагуу гишүүний бүрэн эрх нь дуусгавар болсноос гадна өөрийнх нь хүсэлтээр, эсхүл нэр дэвшүүлсэн нам, эвслийн бүлгийн хүсэлтээр Улсын Их Хурлын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, огцруулна” гэж заасан байдаг. Энэ хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нь Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсон тул 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 51 гишүүний 38 нь буюу 74.5 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Таны сурталчилгаа