УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд танилцуулав.
Монголбанкнаас Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Улсын Их Хуралд ирүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Байнгын хорооноос тус тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, Байнгын хорооны санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Т.Доржханд, Ч.Ундрам, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаад валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх, орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны II улиралд багтаан Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болохыг Т.Доржханд гишүүн танилцууллаа.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, О.Цогтгэрэл, Б.Баттөмөр, С.Амарсайхан, Ц.Туваан, Н.Энхболд, С.Ганбаатар, М.Оюунчимэг, Ш.Адьшаа, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав.
Арилжааны банкууд ипотекийн, тэтгэвэрийн гээд бүх төрлийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгаа талаар, мөн Зээлийн мэдээллийн сангийн талаар Ц.Идэрбат гишүүн тодруулга хийв. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулиар арилжааны банк үйлчилгээний шимтгэл, хураамж авч болох бөгөөд хуульд хэмжээг тодорхой заагаагүй байдаг аж. Монголбанк холбогдох журамдаа олгож буй зээлийн 1 хувиас илүүгүй байна хэмээн тусгасан байдаг, ихэнх арилжааны банк 1 хувь, зарим нь 0.75 хувиар тогтоосон байгаа гэх тайлбарыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өглөө. Төв банкны зүгээс энэ төрлийн шимтгэл, хураамжийн дүн нь үзүүлж буй үйлчилгээнийхээ өртөгтэй дүйцэж байгаа эсэх дээр хяналт, тооцоо, судалгаа хийж байгаагаа хэлэв. Гишүүний тодруулсны дагуу тэрбээр Зээлийн мэдээллийн сангийн талаар мөн мэдээлэл өгсөн. Банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон энэ хууль, гэрээнд заасан иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн үүргийн талаарх мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, хяналт тавихтай холбоотой харилцааг зохицуулдаг Зээлийн мэдээллийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2011 оны 10 дугаар сарын 20-ны өдөр баталсан. Энэ хуулиар Монголбанкнаас тусгай зөвшөөрөл авснаар ашгийн төлөө хуулийн этгээд зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх боломжтой. Одоо Монголбанк энэхүү мэдээллийн санг эрхлэн хариуцаж байгаа, хоёр хуулийн этгээд энэ төрлийн зөвшөөрөл авахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа юм байна. Ийнхүү мэдээллийн сан бүрдүүлэх нь зээлдэгчдийн сахилга батыг хангах зорилготой гэлээ. Холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй Зээлийн мэдээллийн санд банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо; санхүүгийн түрээсийн компани; төрийн байгууллага (эд хөрөнгийн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон татвар, нийгмийн даатгал, гааль, эрчим хүч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар); үүрэн холбооны оператор компани болон хуулинд заагдсан бусад хуулийн этгээд мэдээлэл нийлүүлдэг байна. Иргэдийн “хар жагсаалт” хэмээн нэрлэж буй энэхүү Зээлийн мэдээллийн санд иргэний мэдээлэл 6 жил хадгалагдах хуультай ч гар утасны төлбөр, цахилгаан, дулаан, усны төлбөртэй холбоотой мэдээллүүд төлбөр барагдсан тохиолдолд хасагддаг байна.
Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн мэдээллийг ил тод болгох, их хэмжээний алдагдалтай хэрнээ үйл ажиллагаа явуулаад байгаагийн учрыг, цаашид төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлд Монголбанкны зүгээс ямар хөшүүрэг, бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлэх боломжтой талаар О.Цогтгэрэл гишүүн асууж, хариулт авсан. Төсвийн орлого, зарлага, зэс, нүүрсний экспортын орлого тооцож мөнгөний бодлого тодорхойлж болохгүй гэдэг шүүмжлэлийг С.Амарсайхан гишүүн хэлээд, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүд, бизнесийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоо чиглүүлж байхыг анхаарах нь зүйтэй гэв. Ц.Туваан гишүүн, Төв банкны зүгээс валютын интервенцийг оновчгүй хийсэн гэдэг шүүмжлэлийг хэлээд Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ туссан талаар асуулт асуув. Төв банкны зүгээс ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй гэдэг хариултыг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч өглөө. Арилжааны банкууд харилцагчдынхаа төлбөр тооцоог гүйцэтгэх үүднээс хэрэгцээтэй хэмжээний валютын хүсэлтээ Монголбанканд хүргүүлээд, долоо хоногт хоёр удаа дуудлага худалдаа зохион байгуулдаг гэлээ. Төв банкнаас нийлүүлсэн ам.долларын хэмжээгээр түлш тэргүүтэй импортын бараа, бүтээгдэхүүний гадаад төлбөр тооцоо гүйцэтгэгддэг гэдгийг тайлбарласан. Өнгөрсөн оны 05 дугаар сард Монгол Улсын гадаад валютын албан нөөц түүхэн дээд хэмжээндээ буюу 5 тэрбум ам.доллар орчимд хүрсэн ч үүнээс хойш тогтмол буурч байгаа. Цаашид экспортын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм бол гадаад валютын албан нөөц нэмэгдэнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч хариуллаа. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл олгох эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хүүг багасган хугацааг нь уртасгахад гадны банкуудыг оруулж ирэх бололцоог нээх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хэлж, холбогдох тодруулгыг хийв. Гадаад улс орны төрийн өмчийн оролцоогүй арилжааны банк Монгол Улсад үйл ажиллагаа явуулах боломж нээлттэй байдаг ч одоогоор ямар нэг гадны банк манай улсад салбараа байгуулах, үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч мэдээллээ. Ямар нэг хүсэлт ирсэн тохиолдолд Монголбанк нээлттэй хамтран ажиллахад бэлэн гэв. Өнөөдрийн байдлаар манайд Япон Улсын 1, БНХАУ-ын 2 банкны төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа аж. Ийнхүү гишүүд Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын 4 томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэв.
Тогтоолын төслийн 2 дугаар заалтад “9/Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Халамжаас хөдөлмөрт” зорилтын хүрээнд ажлын байрыг хадгалах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эрэлтэд нийцсэн ур чадвартай ажиллах хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлж, мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжих;” гэсэн агуулгатай дэд заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.4 хувь нь дэмжив. Түүнчлэн мөн заалтад “10/валютын захын үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, харилцагчдыг таньж мэдэх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, түүнчлэн санхүүгийн үүсмэл хэрэгслийн зах зээлийг хөгжүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авах;”, “11/урт хугацааны тогтвортой санхүүжилтийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын хөрөнгө оруулалттай төрөлжсөн банкны эрх зүйн орчныг бүрдүүлэх.” агуулгатай дэд заалтуудыг нэмэхийг гишүүд дэмжлээ. Тогтоолын төслийн 2 дугаар заалтын 8 дахь дэд заалтын “2023 онд” гэснийг “2023 оны 2 дугаар улиралд” гэж өөрчлөхийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Ийнхүү “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэв
Дараа нь Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар танилцуулав.
Улсын Их Хурлын 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг төсөлд нэмж тусган, төслийг эцэслэн батлах хувилбарыг бэлтгээд байгаа гэлээ.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх сургалтад хамрагдах үүрэгтэй гэж тусгасан бөгөөд барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаатай холбоотой харилцааг анхдагч хууль гарган зохицуулж байгаатай холбогдуулан нэгэнт бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газрын удирдлага, менежерийг нэг жилийн дотор сургалтад үнэ төлбөргүй хамруулах шаардлагатай гэж ажлын хэсэг үзсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Хууль зүйн байнгын хороо 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн юм.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22 дахь хэсэгт заасныг баримтлан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63.6 хувь дэмжсэн болохыг Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дурджээ.
Д.Цогтбаатар гишүүний танилцуулсан дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд Байнгын хорооны дэмжсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.5 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүллээ. Үүгээр өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.