Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жил, Нутгийн удирдлагын шинэ тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Нийслэл Улаанбаатар хотын Хурал нь 1989 оноос гүйцэтгэх засаглалаас тусгаарлан бие дааж эхэлсэн бөгөөд улмаар 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж “Нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутгийн удирдлагыг хэрэгжүүлнэ” гэж хуульчилсан. Тэр цаг үеэс Хурлын шинэ үеийн түүх эхэлж, өдгөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хөгжлийнхөө 30 жилийнхээ босгон дээр иржээ.
Энэхүү түүхт ойн хүндэтгэлийн хуралдааныг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал XVII жарны “Буян үйлдэгч хэмээх усан бар жилийн намрын сүүл сарын шинийн 8-ны шар морь өдөр буюу арваннэгдүгээр сарын 1-ний морин цагт эхлүүллээ. Хурлыг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ хууль, эрх зүйн шинэчлэлтийг эхлүүлсэн он жилүүдэд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн. Цаашлаад шинэчлэгдсэн хуулийн хэрэгжилтийг хангах ажлын эхлэлийг зөв зохион байгуулах чухал хариуцлагатай үед ажиллаж байгааг онцлоод зочид төлөөлөгчдөд баяр хүргэсэн юм.
Нийслэлийн захиргааны шинэ байр болох Хангарди ордонд болж буй энэхүү чуулганд УИХ, Засгийн газар, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийн салбарт тодорхой үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй НҮБ, Дэлхийн банкны групп, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк, КОЙКА, ХБНГУ-ын төсөл хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл болон Нийслэлийн ИТХ-ын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчдийн үе үеийн төлөөлөл, Хурлын ажлын албанд ажилллаж байгаа болон ажиллаж байсан ахмад ажилтнууд оролцож байна. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны долдугаар сарын 11-ний өдрийн “Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай” 159 дүгээр зарлигийн дагуу Эзэн Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах ёслол боллоо.