Цаг үеийн мэдээ

Бие биеэ харилцан хөөсөөр байгаа АН-ынхан бие биеэ уулзах гэлээ гэж хөөдөг болсон байна. О.Баасанхүү нар С.Эрдэнийг Женко Х.Баттулгатай уулзсан гэж хөөхийг хүссэн бол С.Эрдэнэ түүнийг өөрийг нь өрсөөд хөөсөн байна. С.Эрдэнэ “Женкотой уулзаж гар, хөл барьсан зүйл байхгүй. Жонхуугийн троллууд бага шиг мангартаарай, новш” гэж жиргэсэн. Гэтэл чухам өөрийнх нь болон Х.Баттулгын гар хөл болсон хүмүүс “Блю Скай” буудалд уулзсан юм байна. Гар хөлүүд нь уулзана гэдэг гар хөл барьсанд тооцогдох уу, гар хөл шүргэлцсэн гэж үзэх үү? Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Эрдэнэ нь Х.Баттулгадаа “Элбэгээг хая, надтай квотоо тохиръё” гэх зэргээр мессеж хаясан ба гар ч бариагүй, хөл ч бариагүй гэх боловч гар хөлүүд нь бол уулзсан ажээ. С.Эрдэнийн “Хэн нэгний шидсэн чулуугаар хүн цохиж алдаг хүмүүст хэлэхэд тэр алдаг, алуулдаг хүмүүстэй чинь адил биш шүү” гэсэн хатуу хүтүү, зэрлэг балмад үгтэй жиргээ нэгийг бодуулж, нөгөөг сануулна. Тэрбээр цэрэгт байхдаа хүний толгойг чулуугаар цохин, амь хохироосон хэрэгтээ шүүхээр ял шийтгэл хүлээж байсныг өөрийнх нь жиргээний үг сануулж орхилоо.

С.Эрдэнийн талынхан ч сүүлийн үед С.Эрдэнийгээ хүчтэй хөөж байгаа бол С.Эрдэнэ тэднийг бөөнөөр нь хөөж байгаа.  

АН-ынхан Шангри-ла гэх мэт үнэтэй газрын тансаг ресторануудад ардчилал, Монголын төлөө эрүүл мэндээ үл хайхран, шарз шимэх, пийжүү  уух, тансаг хоол идэн уулзаж, бие биеэ уулзалтад хөөж, уулзалтаас хөөцгөөх болсон. ЕТГ-ын дарга асан Ө.Шижир, олимпын аварга Н.Түвшинбаяр начин Э.Энхбатыг зодсон оффисын өрөөний эзэн Гал-Эрдэнэ нарын залуучууд ширээ дүүрэн “Циндао” хятад шар айраг уун сууснаа Монголыг аврах болно хэмээн тайлбарлав. Уг нь Монголоо аврах нь Монголд үйлдвэрлэсэн шар айраг уух энгийн алхмаас эхлэх байсан. Улс төрд авьяастай биш гэхэд олон нийтийн эгдүүг хүргэх алдаа гаргахгүй байх мэдрэмж өчүүхэн ч алга гэдгээ таниулсан. Үгүй, яах вэ хятад пиво хэдэн шилийг хороож, эх орноо хамгаалсан ч байж байж болно. 

УИХ-ын гишүүн асан, Монголын бүх салбарын шахам сайд асан С.Баярцогт хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тухай Швейцараас ирсэн бичгийг прокурорт хаалганых нь гадаа өгөх маягаар үүдний шатан дээр нь хэвлэлийн хурал хийж, улс төрд эргэн ирснээ зарлалаа. С.Эрдэнэ АН-аас С.Баярцогтыг хамгийн түрүүнд хөөж, байсан ч эргүүлэн элсүүлсэн юм. Харин С.Баярцогт оффшор дансны мэдүүлэгтээ Монголыг андууран хөөж, өөрийгөө Хятадын иргэн гэж мэдүүлж байсан билээ. Түүнийг 6 жил хэрэгт холбогдуулан шалгаж, 3 шатны шүүхээр буруутгаад байсан ч цагаадсан юм. С.Баярцогт цагаадсан юм бол харлуулсан тал нь харлах уу? гэдэг асуулт ч үүсээд байна. 

С.Баярцогт улс төрд эргэн ирснээр АН-ынхан хоёр тал байснаа гурван хэсэг болох уу, нэг болох уу гэдгийг харах л үлдлээ. 

Таны сурталчилгаа