Японы эрх баригчид хүн амын тоо цөөрч, насжилт нэмэгдэж байгаа бүсүүдэд хүн амын урсгалыг шилжүүлэх бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын нийслэл Токио хүн ам шигүү оршин суудаг бүс тул энэ бүсийг орхиж явсан гэр бүлийн хүүхэд бүрд улсын төсвөөс сая иен буюу 7,500 ам.долларын тусламж тэтгэмж өгөхөөр болсон байна.
Иргэд Токио хотоос нүүснээр тус хотод хүн амын бөөгнөрөл татарч, бусад хүн ам сийрэг оршин суудаг бүсэд хүн амыг татах зорилготой ажээ. Урьд өмнө буюу өнгөрөгч жилийн дөрөвдүгээр сард Токиогоос нүүсэн айлуудын хүүхэд бүрд 300,000 иений тэтгэмж өгөхөөр болсныг мэдэгдэж байсан бол энэ удаад мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэн байна.
35 сая оршин суугчтай Токиогийн хүн ам өнгөрсөн жил анх удаа буурсан үзүүлэлтийг харуулжээ. Үүнд коронавируст цар тахлын нөлөө ч байсан гэж үзсэн. Эрх баригчид хүн амын тоо буурах үзэгдлийг үргэлжлүүлэн дэмжиж, ард иргэдийг шинэ газарт шинэ амьдрал эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэжээ.
Нийгмийн залуу үе Токио, Осака зэрэг метрополис хотууд руу нүүдэллэх болсноор бусад жижиг хот, алслагдсан бүсэд хүн амын тоо цөөрч, насжилт нэмэгдээд байгаа юм. Тэтгэмж авч Токиогоос нүүхээр шийдсэн иргэд шинээр очсон газартаа багадаа таван жил амьдрах ёстой ба гэр бүлийн нэг гишүүн очсон газартаа заавал ажилд орох аль эсвэл шинэ бизнес эхлүүлэх ёстой байна. Хэрэв таван жилийн хугацаанд Токио руу буцвал авсан тэтгэмжээ бэлэн мөнгөөр буцаан төлөх ажээ.
Эх сурвалж: The Guardian