Үндсэн хууль батлагдсаны 31 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаанд 128 бөх барилдсанаас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Энхтөгсийн Оюунболд түрүүлж, Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Жем интернэшнл” ХК, “Даян” дэвжээний бөх, улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алтан Дорнод” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Мон зол” ХХК, “Таван-Хан” дэвжээний бөх, улсын начин Н.Баярбаатар нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын начин Э.Даш, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн хурц арслан Б.Баянмөнх, аймгийн арслан Т.Дүүрэнсаран нар үлдэв.