Цаг үеийн мэдээ

Иран улсад 17 настай эхнэрээ цаазаар авсан эрэгтэйд найман жил хорих ял оноох шийдвэрийг шүүхээс гаргасан нь хүний эрхийн байгууллагуудын шүүмжлэлд өртөөд байна. Ахваз хотын иргэн Сажжад Хейдари өөрийн эхнэр Монагийн тастсан толгойг барьсан зураг нийтэд өнгөрсөн жил цацагдаж, олон нийт түүнийг хэрцгий аллага үйлдсэнд зэмлэн буруушааж байсан юм. 

Тэгвэл шүүгчид Монагийн эцэг эх охиныг нь хөнөөсөн Хейдарид өршөөл үзүүлсэнд үндэслэн шийдвэрээ гаргасан хэмээн мэдэгджээ. Охины аав нь өмнө мэдэгдэхдээ хэрцгий аллагыг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлж байжээ. 

Мона ердөө 12 настай байхдаа нөхөртэйгөө гэрлэж, 14 настайдаа хүүхдийг нь төрүүлсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр охин гэр бүлийн хүчирхийлэлд өртөж нөхрөөсөө салахыг хүссэн ч бүтээгүй учраас Турк руу зугтсан гэжээ. Охины гэр бүлийнхэн түүнийг аюулгүй хамгаална гэсэн баталгаа гаргасан учир Иранд эргэж ирсэн ч хэдэн өдрийн дараа нөхрийнхөө гарт амиа алдсан юм. Уг аллагад тусалсан Монагийн хүргэн ахад шүүх гурван жил есөн сарын хорих ял оноожээ. 

Монагийн үхлийн дараа Иран улсад гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах хуулиа чангатгах, гэрлэх насыг нэмэхийг иргэд шаардаж эхэлсэн юм. Иранд хуулиараа 13 наснаас дээш охидыг гэрлэхийг зөвшөөрдөг ба түүнээс бага настай байсан ч эцэг эхийнх нь зөвшөөрлөөр гэр бүл болохыг зөвшөөрдөг ажээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа