Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон Украины нийслэл Киев хотод ням гарагт айлчилсан байна. Түүнийг Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський болон Засгийн газрын бусад гишүүд угтан авчээ.
Борис Жонсон айлчлалынхаа тухай олон нийтэд урьдчилан мэдэгдээгүй байна. Айлчлалын дараа Зеленський Телеграм хуудсанд “Украины жинхэнэ анд нөхөр Борис Жонсон та Киевд тавтай морил. Борис таны дэмжлэгт талархаж байна” гэжээ.
Тэрээр нийслэлээс гадна баруун хойд хэсэгт байдаг Буча, Бородянка тосгонуудад очсон байна. Жонсон “Украины ард түмний зовлон шаналал удаан хугацаанд үргэлжиллээ. Энэ дайныг дуусгах цор ганц арга бол ялах юм. Тэднийг ялахад хэрэгтэй бүх хэрэгслийг өгөх цаг ирсэн” хэмээжээ.
Британийн Ерөнхий сайд Риши Сунак Жонсоны айлчлалыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Сунак Британи улс Украиныг үргэлжлүүлэн дэмжих болно гэдгийг мэдэгджээ.
Жонсоны айлчлалаар Британийн холбоотнуудад Украинд шаардлагатай дайны зэвсгүүдийг нэмж нийлүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Британи Украин руу Чэлленжер 2 танкуудыг илгээхээ баталсан. Жонсон Ерөнхий сайд байхдаа Украинд айлчилж байсан бөгөөд Даунинг Стрийтээс явсан ч Украиныг дэмжсээр буйгаа ийн харуулсаар байна.
Эх сурвалж: ВВС