Японы Ерөнхий сайд Фумио Кишида улс оронд нь шинээр хүүхэд төрөх үзэгдэл буурч, хүн амын насжилт нэмэгдэж байгаа нь нийгмийн бүтцийг сүйрүүлэх ноцтой эрсдэл болсныг зарлажээ. Тус улсад 1970-аад оны үед жилд дунджаар 2 сая гаруй хүүхэд шинээр мэндэлж байсан бол өнгөрсөн жилд 800,000 хүүхэд төрсөн байна.
Шинээр хүүхэд төрөх явдал Японы хөрш зэргэлдээ орнуудад ч буурсан үзүүлэлт байгаа хэдий ч 125 сая хүн амтай тус улсад төрөлт буурсны сацуу насжилт нэмэгдэж байгаа нь байдлыг улам хүндрүүлжээ. Энэ нь ажиллах хүч буурч байгаа гэсэн үг юм.
Дэлхийн банкны судалгаагаар Япон Монако улсын дараа 65-аас дээш насныхан хүн амын дунд хамгийн их хувь эзэлж байгаа хоёр дахь орон болж байна. Японы хүн амын дунд 65 болон түүнээс дээш насны иргэд 28 орчим хувийг эзэлж байгаа ажээ.
Ерөнхий сайд Кишида Япон улс цаашид нийгмийн үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж чадах эсэхээ шийдэх ирмэг дээр зогсож байна гэжээ. Тиймээс хүүхдүүдийг дэмжих болон хүүхдүүдийг өсгөх хөгжүүлэхэд анхаарч, бодлого хэрэгжүүлэхийг хойшлуулж хэрхэвч болохгүй цаг үе ирж байгааг анхааруулсан байна.
Мөн Засгийн газарт хандан хүүхэдтэй холбоотой хөтөлбөрт зарцуулах төсвийг хоёр дахин нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ. Шинэ Засгийн газар энэ жилийн дөрөвдүгээр сар гэхэд асуудлыг хэрхэн шийдэхээ шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд амласан байна.
Өмнөх Засгийн газрууд хүн амын хямралыг арилгах ижил төстэй стратегийг хэрэгжүүлж байсан ч төдийлөн амжилттай болоогүй. Төрөлт буурсан нь амьдралын өртөг зардал нэмэгдсэн, эмэгтэйчүүд илүү боловсорч ажил хийх болсон зэрэг хэд хэдэн шалтгаантай юм.
Эх сурвалж: ВВС