Цаг үеийн мэдээ

АНУ-ын кино академийн 95 дахь удаагийн шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 12-ны өдөр болохоор товлогдсон. Оскарын шагнал гардуулах ёслолд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг өнгөрсөн шөнө зарлалаа. 

Энэ жилийн Оскарын наадамд Даниел Кван, Даниел Шейнерт нарын найруулсан “Everything Everywhere All at Once” кино хамгийн олон төрөлд буюу 11 төрөлд нэр дэвшсэн байна. Уг киноны дараа “All Quiet on the Western Front”, “The Banshees of Inisherin” зэрэг кинонууд тус бүр есөн төрөлд нэр дэвшиж удаах байрт бичигджээ. 

Шилдэг киноны төрөлд “Top Gun: Maverick”, “Avatar: The Way of Water”, шилдэг дууны төрөлд Лэди Гага, Рианна нар нэр дэвшин өрсөлдөж байна. 

Эдгээрээс гадна Энэтхэгийн тэлугу хэл дээр хийгдсэн “RRR” киноны Naatu Naatu дуу Оскарт нэр дэвшсэн нь Болливудын хувьд том амжилт,болж байна. Уг дуу энэ жилийн Алтан бөмбөрцөг наадмын шилдэг дууны төрөлд шагнал авсан билээ. 

Хамгийн сүүлд 2009 онд Бритон Дэнни Бойлын найруулсан “Ядуусын хорооллын саятан” киноны дуу Jai Ho Оскар авсан нь энэтхэг киноны хөгжим Оскар хүртсэн сүүлчийн тохиолдол байсан юм. 

Эх сурвалж: CNN