Цаг үеийн мэдээ

Facebook, Instagram платформуудыг эзэмшдэг Мета компани АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хоригийг цуцлахаа мэдэгджээ. Тус компани удахгүй буюу ирэх өдрүүдэд Трампын хаягийг сэргээхээр болсон байна. 

Метагийн олон улс хариуцсан салбарын Ерөнхийлөгч Ник Клегг олон нийт улс төрчдийн хэлж байгаа үгийг сонсох хэрэгтэй гэж үзжээ. 2021 оны нэгдүгээр сард Капитол Хиллд Трампыг дэмжигчид бослого гаргасны дараа Facebook, Instagram Трампын хаягийг хаагаад хоёр жилийн хугацаа өнгөрсөн юм. 

Ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөө мэдэгдээд байгаа Трамп сошиал платформууд дахь хаягаа хаалгасны дараа Truth Social нэртэй өөрийн сошиал платформыг ашиглах болсон билээ. Уг платформдоо лхагва гарагт “Facebook намайг Ерөнхийлөгч байхад хаягийг минь хааснаар олон тэрбумыг алдсан” хэмээн нийтэлсэн байна. 

Трампын сошиал хаягуудыг дахин сэргээх тухай мэдээ гарсан даруйд Америкийн Ардчилсан намын гишүүд болон зарим байгууллагууд экс Ерөнхийлөгч олон сая дагагчтай хаягаа ашиглан ирэх сонгуульд ялахын тулд 2020 оныхтой ижил дахин худал мэдээлэл цацаж болзошгүй хэмээн сэрэмжлүүлжээ. 

Твиттер компани ч мөн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдрөөс хойш Трампын хаягийг хаагаад байсан ч Илон Маск Твиттер компанийг худалдаж авсныхаа дараа уг хоригийг цуцлахаа мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа