Цаг үеийн мэдээ

Хэрэв та өдийд Филиппин улсад зочилбол зоогийн газрууд сонгинын хомстолд орсон байгааг төвөггүй анзаарна. Албан ёсны статистик мэдээллээр улс даяар сонгино хомс байгаа тул өнгөрсөн сард үнэ нь нэмэгдэж нэг кг нь 700 песо буюу ойролцоогоор 13 ам.долларт хүрчээ. Энэ нь мах тэр ч бүү хэл хоногийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээнээс ч илүү дүн ажээ. 

Ойрын долоо хоногуудад сонгинын үнэ буурсан ч тансаг хэрэглээ хэвээр байгаа юм. Себу хотод цайны газар ажиллуулдаг Ризалда Маунезын ярьснаар хоногт 3-4 кг сонгино худалдаж авдаг байсан бол одоо ердөө хагас кг-ыг авч чадаж байгаа гэнэ. 

Филиппиний үндэсний хоолонд тогтмол хэрэглэгддэг сонгино амьдрах өртөг зардал нэмэгдсэнийг харуулах бэлгэ тэмдэг болоод буй. Хүнсний бүтээгдэхүүнээс авхуулаад шатахуун хүртэл өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн 14 жилийн хугацаанд хамгийн ихээр нэмэгдэж, инфляц хэт өсжээ.

Тус улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос Жр газар тариалангийн яамтай хамтран хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй тэмцэхээ мэдэгдээд байна. Тэрээр сонгинын нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд шар болон улаан өнгийн сонгино импортоор оруулж ирэхийг дэмжжээ. Сонгино зэрэг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт болон хомстолд нөлөөлсөн бас нэг зүйл нь цаг агаар юм. Наймдугаар сараас хойш тус улсыг хоёр ч том шуурга дайран өнгөрч ургац алдахад хүргэжээ.  

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа