Цаг үеийн мэдээ

Ираны нийслэл Тегеран хот дахь Азади буюу Эрх чөлөөний цамхгийн дэргэд бүжиглэж, бичлэг хийсэн 20 орчим насны хосод шүүх нийт 10 жилийн хорих ял оноожээ. Шүүх хосыг авлига хээл хахууль, биеэ үнэлэлт, буруу суртал ухуулгыг дэмжин сурталчилсан зүйл ангиар ялласан байна.

Тус улсад толгойн алчуураа буруу зүүсэн гэх үндэслэлээр цагдаа нарт баригдаж амиа алдсан Махса Амини бүсгүйн хэргээс болж өргөн хүрээтэй эсэргүүцлийн жагсаал газар авсан юм. Уг жагсаалыг эрх баригчид хүчээр дарахыг оролдож, улмаар олон зуун жагсагч амиа алдаж, олон мянган иргэнийг баривчлан саатуулсан. 

Уг хэргээс улбаатайгаар Ираны эрх баригчид иргэдийг жагсаал цуглаанд турхирсан байж болзошгүй үйлдэлд тун эмзэг хандаж байгаа юм. Жагсаалтай холбоотой гэж үзсэн тохиолдолд иргэдийг олноор нь баривчлан саатуулж, хүнд ял оноож байна.

Гэвч гудамжинд бүжиглэсэн хос уг жагсаалтай ямар ч холбоогүй гэж өрнөдийн хэвлэлүүдэд нийтэлжээ. ВВС агентлагийн мэдээлснээр хос бичлэгээ нийлээд 2 сая орчим дагагчтай Инстаграм хаягууддаа нийтэлсний дараа баривчилгаа явагдсан байна.

21 настай Астиаж Хакики болон түүний сүйт залуу 22 настай Амир Мохаммад Ахмади нарын гэр бүлийн мэдээлснээр тэднийг хоёр жилийн хугацаанд сошиал медиа ашиглах, эх орноосоо гарах эрхийг хязгаарлажээ. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа