Цаг үеийн мэдээ

Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф Дубайн Америк эмнэлэгт удаан хугацаанд хэвтэн эмчлүүлсний эцэст хүнд өвчний улмаас таалал төгссөн болохыг эх сурвалжууд мэдээлжээ. Ерөнхийлөгч агсан өнгөрсөн амралтын өдөр 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. 

Пакистаны цэргийн болоод төрийн эрх баригчид эмгэнэл, гашуудлын захидал илгээж байна. Тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф төрийн тэргүүн агсны гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ. 

Первез Мушарраф нь Энэтхэгийн Делид төрж, Станбул болон Карачи хотуудад хүүхэд насаа өнгөрөөжээ. Тэрээр цэргийн офицер болж 1998-2007 оны хооронд Пакистаны зэвсэгт хүчний долоо дахь командлагч, 2001-2008 оны хооронд тус улсын 10 дахь Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэсэн юм. 

Мушарраф есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш АНУ-ын террористуудын эсрэг дайныг дэмжиж, гол холбоотон нь болоход чухал үүрэг гүйцэтгэжээ. Өнгөрсөн хугацаанд түүний амь насанд халдах олон тооны оролдлогуудыг эсэн мэнд даван туулсан юм. 2008 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар ялагдал хүлээснээс хойш зургаан сарын дараа Пакистанаас явж, 2013 онд эргэн ирж сонгуульд өрсөлдөхийг санаархсан ч түүнийг баривчлан саатуулжээ. 

Мушаррафийг улс орноосоо урван тэрсэлсэн хэрэгт буруутган цаазын ял оноосон ч 2016 онд Дубай руу эмчилгээнд явах нэрийдлээр өөрийгөө цөлсөн юм. Түүний цогцсыг ням гарагийн өглөө Арабын нэгдсэн Эмиратаас Пакистан руу тусгай нислэгээр илгээжээ. 

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа