Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеи 1979 онд исламын хувьсгал хийсний 44 жилийн ойг угтаж олон арван мянган хоригдолд өршөөл үзүүлэхээр болсон байна. Өршөөлд хамрагдаж байгаа хоригдлуудын дунд засгийн газрын эсрэг жагсаалд нэгдэж баригдсан босогчид ч байгаа ажээ.
Ираны 22 настай иргэн Махса Амини толгойн алчуураа буруу зүүсэн хэрэгт холбогдон цагдаа нарт баривчлагдсаныхаа дараа өнгөрсөн есдүгээр сард амиа алдсанаас хойш иргэдийн эсэргүүцлийн жагсаал газар авсан. Уг жагсаалыг эрх баригчид хүчээр дарахыг оролдож, 50 гаруй жагсагч амиа алдаж, 20,000 орчим хүн баригдсан юм. Амиа алдсан хүмүүсийн дунд 70 орчим хүүхэд байсан гэж хүний эрхийн байгууллагууд мэдээлжээ.
Шүүх цагдаагийн эрх мэдэлтнүүд баригдсан жагсагчдын дунд байгаа олон залуус гадны нөлөө, суртал ухуулгад тархиа угаалгасан гэж тайлбарласан байна. Тэдгээр залуус хийсэн үйлдэлдээ харамсаж, өршөөл хүссэн захидал илгээсний дүнд өршөөлд хамрагдсан гэж төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулжээ.
Харин төрийн өмч хөрөнгөд халдсан, хүн амины хэргээр ял сонссон, гадны тагнуул гэж үзсэн хоригдлуудад өршөөл үзүүлэхээс татгалзсан байна. Ираны Үндсэн хуулийн 110 дугаар зүйлд зааснаар улсын оюун санааны дээд удирдагч шүүхийн зөвлөмжөөр хоригдлуудад өршөөл үзүүлэх эрхтэй ажээ.
Эх сурвалж: ВВС