Цаг үеийн мэдээ

Турк улсын зүүн өмнөд бүсийн Сири улстай хиллэдэг газар нутагт 7.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Эх сурвалжуудын мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас багадаа 120 орчим хүн амиа алджээ.

АНУ-ын газарзүйн судалгааны газраас газар хөдлөлт Газиантеп мужийн Нурдаги хотоос зүүн тийш 23 км-т, хөрсний гүний 24.1 км-т 04:17 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Туркийн нийслэл Анкара, бусад хотуудаас гадна Сири, Ливан улсуудад мэдрэгджээ. 

Хүчтэй газар хөдөлсний улмаас олон тооны байшин барилга нурсан ба иргэд нурангид дарагдсан тухай эх сурвалжууд мэдээлсэн байна. Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлугийн мэдээлснээр Газиантеп, Кахраманмарас, Хатай, Османей, Адияман, Малатяа, Санлиурфа, Адана, Диарбакир, Килис зэрэг 10 хотод хохирол амсчээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн үед иргэд унтаж байсан тул бэлтгэлгүй байсан байна. 

Эхний газар хөдлөлтөөс хойш 10 орчим минутын дараа 6.4 магнитудын хүчтэй хоёр дахь чичирхийлэл мэдрэгдсэн гэж Туркийн эх сурвалжууд мэдээлжээ. Тус улс газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг. 1999 онд баруун хойд нутагт хүчтэй газар хөдөлсний улмаас 17,000 хүн амиа алдаж байжээ. 

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа