Турк улсын Сиритэй хиллэдэг бүс нутагт өчигдөр 12 цагийн зайтай 7.8 болон 7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлтүүд боллоо. Удаа дараалан болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо цаг тутам нэмэгдсээр 4,000 орчимд хүрээд байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсэд амь эрсэдсэн хүний тоо 20,000-д хүрч болзошгүй гэдгийг анхаарууллаа.
Одоо мэдэгдэж байгаагаар Туркийн нутаг дэвсгэрт 2,400, Сирийн нутаг дэвсгэрт 1,500 орчим хүн амь үрэгдсэнийг бүртгэжээ. Амь эрсэдсэн иргэдээс гадна 20,000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Газар хөдлөлтийн улмаас нурсан барилга байшингийн нурангийг цэвэрлэх ажил дуусах болоогүй байгаа тул цаашид амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна.
НҮБ-ын хүмүүнлэгийн албанаас Сири улсад хатуу ширүүн өвлийн улирал тохиож байгаагийн дээр шатахууны хомсдол нүүрлэж, зам гүүр эвдэрсэн нь аврах, туслах ажилд ихээхэн саад учруулж байгааг мэдээлжээ. Даваа гарагт хүчтэй газар хөдлөхөөс өмнө Сирийн баруун хойд бүсэд 4 сая гаруй иргэн хуаранд амьдарч, 12 жилийн турш зүдэрч буй талаар мэдээлээд байсан юм.
Европын Холбооны эрэл хайгуулын 10 гаруй баг Турк улсад ажиллаж байна. АНУ, Их Британи, Канад, Израйл, Орос, Хятад улсууд газар хөдөлсөн бүсэд туслах ажилд нэгдсэн ба олон улсын хамтын нийгэмлэгт хандан Сирид тавьсан улс төрийн хориогоо царцааж, тусламж оруулахыг уриалжээ.
Эх сурвалж: The Guardian