Европын холбоо Оросоос нийлүүлж буй газрын тосны үнэд хязгаарлалт тогтоох хэлэлцээрт хүрсэн бөгөөд уг хэлэлцээр энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхэллээ. Оросын газрын тос, дизель түлшинд тавьсан хориг Европт харьцангуй өвдөлт багатай байна. Өөрөөр хэлбэл хориг хэрэгжиж эхэлсэнтэй зэрэгцэн Европт газрын тос, дизелийн үнэ буурчээ.
Даваа гарагт Европт дизелийн үнэ 1,6 хувиар буурсан байна. Дизелийн үнэ буурсан нь уг түлшнээс хамааралтай бизнес эрхлэгчид, жолооч нарт таатай мэдээ юм. Европ дахь ачааны машины 96 хувь, бүрхүүлтэй ачааны машины 91 хувь, зорчигч тээврийн хэрэгслийн 42 хувь түлшнээс хамааралтай ажээ. Өнгөрсөн жил Европын дизель түлшний импортын 29 хувийг ОХУ дангаараа нийлүүлсэн байна.
Орос Украин руу дайрснаас хойш эрчим хүчний хямрал эхэлсэн. Энэ жилийн нэгдүгээр сар болон өнгөрсөн оны 11, 12 дугаар саруудад Европт дизелийн хэрэгцээ жилийн өмнөхтэй харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн ням гарагаас хэрэгжиж эхэлсэн хязгаарлалтад хоолойгоор дамжуулах нефт хамаарахгүй бөгөөд нефтийн бүтээгдэхүүний төрөл зүйлээс хамааран үнэд хязгаарлалт тогтоосон байна. Тухайлбал дизель түлш, керосины үнийг баррель тутамд 100 ам.доллар, мазут болон нафтагийн үнийг баррель тутамд 45 ам.доллар байхаар тогтоож, уг үнийн дүнг хоёр сар тутамд шинэчилж байхаар тогтжээ.
Эх сурвалж: CNN