Цаг үеийн мэдээ

Турк болон Сирийн хилийн орчимд даваа гарагт болсон хоёр хүчтэй газар хөдлөлтийн дараа амьд үлдсэн иргэдийг авран хайх ажил хоёр дахь хүйтэн шөнөдөө үргэлжиллээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо 7,800-д хүрсэн байна.

Туркийн хамгийн их гарз хохирол амссан хотуудын заримд нурсан байшин барилга дотор байсан иргэдийн ар гэрийнхэн аврах ажиллагаанд сайн дураараа нэгдээд байгаа ажээ. Зарим газарт аврах ажиллагаа удаашралтай байгаад иргэд бухимдлаа илэрхийлсэн байна.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Туркийн нутаг дэвсгэрт нас барсан 5,894 иргэн, Сирийн нутагт 1,932 иргэн бүртгэгджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага байгалийн гамшгийн улмаас амь эрсэдсэн иргэдийн тоо 20,000-д хүрч болзошгүй гэж мэдээлсэн байна. Харин Их Британийн The Economist сэтгүүлд газар хөдлөлтийн шинжээч Овгун Ахмет Эркан нурсан барилга байшингийн доор 180,000 орчим хүн дарагдсан байгаа ба тэд бүгд амьсгал хураасан байж болзошгүй хэмээн ярьжээ. 

2004 онд Энэтхэгийн далайд газар хөдөлж цунами үүсэнээс 230,000 хүн амь үрэгдэж байсан юм. Турк улсад 1999 оны газар хөдлөлтөөр 17,000 хүн нас барсан ба сүүлийн зуун жилд тохиосон хамгийн том гамшигт үзэгдэл гэж тус улсын эрх баригчид мэдээлээд байна. 

Туркийн Хатай мужид явагдаж буй аврах ажиллагааны үеэр аврагчид 44 цагийн турш нурангин доор ээжтэйгээ хамт байсан хоёр настай охиныг аварчээ. Түүнчлэн Сири улсад дөнгөж төрсөн нярайг нурангин доороос эсэн мэнд аварсныг эх сурвалжууд мэдээллээ. 

Өнөөдөр өгсөн мэдээллээр Туркийн газар хөдөлсөн бүсэд орон гэрээ алдсан 380,000 иргэнийг зочид буудал, худалдааны төв, цэнгэлдэх хүрээлэн, сүм, олон нийтийн төвүүдийн байранд орогнуулж байна. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хэлснээр Сирийн хилийн ойролцоох Турк улсын газар хөдлөлтөд өртсөн 10 мужид 3 сарын хугацаатай онц байдал зарлалаа. 

Дэлхийн улс орнууд гамшгийн бүсэд гар сунган тусламж илгээгээд байна. Туркийн нутагт 24,400 аврагч ажиллаж байгаа бол манай Монгол улс аврах, эрэн хайх 55 хүний бүрэлдэхүүнтэй багаа илгээжээ. 

Сири улсад газар хөдлөхөөс өмнө 4 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байсан бөгөөд байгалийн гамшигт үзэгдлийн дараа нөхцөл байдал улам хүндэрснийг олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлсээр байна. 

Эх сурвалж: The Guardian, CNN

Таны сурталчилгаа