Мексикийн Засгийн газар Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлтүүдийн дараа гамшгийн бүсэд иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд туслуулахаар 16 шилдэг аврагч нохдоо Турк руу илгээлээ.
Мексик улс нь газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрладаг тул гамшгийн бүсэд эрэн хайх, аврах ажиллагаанд туслах тусгай нохдыг өндөр түвшинд бэлтгэн сургуулилсан байдаг ажээ.
Жулиа, Эко, Орли, Тимба, Рекс, Жули зэрэг 16 нохой мягмар гарагт Мехико хотоос ниссэн байна. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард өөрийн Твиттер хуудсандаа “манай аврах багийн амин зүрх дөнгөж сая Туркийг зорилоо” хэмээн жиргэжээ.
Нохдоос гадна Батлан хамгаалах, тэнгисийн цэрэг, улаан загалмайн нийгэмлэг зэрэг тусгай албадын 150 хүн нохдын хамт Туркийн иргэдэд туслах аянд гарсан байна. Мексикийн тусламжийн баг Туркийн газар хөдлөлтийн голомт бүртгэгдсэн бүсийн дэргэдэх Адана хотод газардах юм.
Мексикт 2017 онд 370 хүн амь үрэгдэж, 6,000 гаруй хүн гэмтэж бэртсэн 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөх үед уг аврагч нохдын баг олон хүний амийг аварсан гавьяатай.
Тэр дундаа Фрида нэртэй шар зүстэй лабрадор үүлдрийн нохой Мексик, Гаити, Гватемал, Эквадор улсуудад тохиосон байгалийн гамшгийн дараа 12 хүн аварч, 40 цогцсын байршлыг тогтоож байжээ. Фрида эрэн хайх, аврах ажиллагаанд оролцохдоо том шил, бяцхан гутал өмсдөг байсан юм. Харамсалтай нь уг нохой өнгөрсөн жил амьсгал хурааж түүний хөшөө дурсгалыг босгож, өмсдөг байсан шил, гутлыг музейд хандивласан байна.
Эх сурвалж: ВВС, CNN