Цаг үеийн мэдээ

Индонези улсын Папуагийн нутагт салан тусгаарлагчид Шинэ Зеланд улсын нисгэгчийг барьцаалсан ба амь насанд нь заналхийлсэн байна. 

Баруун Папуа мужийг тусгаар тогтносон бүс болгох хүсэлтэй салан тусгаарлагчид Ндуга нэртэй уулархаг газарт газардсан онгоцыг шатаажээ. Онгоцны зорчигчийн хэсэгт байсан жаахан хүүхэд болон бусад иргэдийг сулласан байна. 

Харин нисгэгч Филип Мертенсийг барьцаалсан бөгөөд хэрэв Шинэ Зеландын Засгийн газар гэрээ хэлэлцээрээс татгалзах болон Баруун Папуагийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд туслаагүй тохиолдолд түүнийг цаазаар авна гэж сүрдүүлжээ.

Үндэсний чөлөөлөх арми нэртэй салан тусгаарлагчдыг террорист бүлэг гэж үздэг байна. Тэдний байрлаж буй бүсэд зөвхөн онгоцоор хүрэх боломжтой тул мөрдөн шалгах ажлыг явуулахад хүндрэлтэй байгааг Индонезийн цагдаа нар мэдээлжээ. 

Шинэ Зеландын Засгийн газар нөхцөл байдалд нухацтай хандаж байгаа бөгөөд Жакарта дахь консулын газар барьцаалагдсан нисгэгчийн ар гэрт тусалж байна. Барьцаалагдсан нисгэгч Суси Эйр компанийн онгоцтойгоор ойролцоох Тимика тосгонд уул уурхайн хангамж хүргэхээр нисжээ. 

Суси Эйр компанийн зүгээс болсон явдалд харамсаж буйгаа мэдэгджээ.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа