Турк, Сири улсад болсон газар хөдлөлтөөс хойш гурав дахь өдөр өнгөрч байна. Нурангиас хүмүүсийг аврах боломж улам бүр багассаар байна. Хамгийн сүүлийн мэдээллээр амиа алдагсдын тоо 12 мянга давжээ. Энэ тоо нэмэгдсээр байгаа бөгөөд нуранги дор хохирогчид байсаар байна. Өвлийн хүйтэн нөхцөлд тэдгээрийг эсэн мэнд гаргаж авах боломж улам бүр багасаж байна.
Сирид олон жил үргэлжилсэн иргэний дайны байдал гамшгийг улам хүндрүүлж байна. Газар хөдлөлтийн улмаас олон барилга байгууламж эвдэрч, нурсан, олон газарт аврагчид болон хүмүүнлэгийн тусламж хүрэхэд хүндрэлтэй байна. Туркийн өмнөд хэсгийн хуучирсан барилгуудад Сирийн дүрвэгсэд олноор амьдардаг байжээ.
Үүний зэрэгцээ Туркт засгийн газар болон Эрдоганы хувьд шүүмжлэл улам хүчтэй болж байна. Тэднийг нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж чадахгүй байна хэмээн буруутгаж байгаа юм. Эрдоган өөрөө гамшигт нэрвэгдсэн газруудад очиж, нөхцөл байдал хяналтад байгаа гэж мэдэгдсэн.
Искендерун хотын нэгэн оршин суугч мягмар гарагт BBC-д хэлэхдээ, түүний гэр бүлийн хоёр охин нуранги нь доор байгаа бөгөөд өөрсдөө машин ашиглан аврах хүсэлтэй байсан ч тэдэнд хориглосон байна. "Бид орой болтол хүлээсэн боловч хэн ч ирсэнгүй. Дараа нь бид өөрсдийн зардлаар экскаватор авсан боловч тэд [эрх баригчид] биднийг зогсоосон. Миний эгчийн охин Айшэгюл, Элида хоёр нуранги дор байна" гэж эмэгтэй хэлжээ. Тэдэн дээр яаралтай тусламжийнхан очиход хамаатан садан нь найдвар багатай байсан тул охид аль хэдийн нас барсан байж магадгүй гэж итгэжээ. Туркийн сөрөг хүчний намын дарга Кемал Кылычдароглу "Хэрэв үүнд хэн нэгэн буруутай бол тэр нь Эрдоган" гэж мэдэгджээ.
Турк улс мөн 1999 оны газар хөдлөлтөөс хойш 17,000 хүн нас барсны дараа "газар хөдлөлтийн татвар" ногдуулдаг болсон. Түүнээс хойш цуглуулсан 88 тэрбум лир (ойролцоогоор 4.6 тэрбум доллар) нь гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын үйлчилгээг хөгжүүлэхэд зориулагдах ёстой байсан. Гэсэн хэдий ч засгийн газар энэ мөнгө хаашаа орж байгааг олон нийтэд хэзээ ч тайлбарлаж байгаагүй бөгөөд сөрөг хүчнийхний үзэж байгаагаар эрх баригчид гамшигт бэлэн биш байсан. Эрдоган мягмар гарагт гамшигт нэрвэгдсэн бүс нутагт очиж хэлэхдээ "Ийм том сүйрэлд бэлэн байх боломжгүй" гэжээ.
Эх сурвалж: BBC