Цаг үеийн мэдээ

Авлигын индексээр Монгол Улс жил бүр ухарсаар 116-р байрт орсон энэ үед Засгийн газар 5 Ш ажиллагаа явуулахаар баталлаа. Дээшээ харсан гурван шор, сэрээ  шиг үзүүртэй, авлигачдыг авлаж өлгөх Ш үсгээр эхэлсэн 5 ажиллагааны шүгэл, шүүр, шувуу зэрэг нэрс нь инээдэм мэт боловч ханиадам юм. 

5 Ш-ийн эхнийх нь шүгэл. Авлигыг илчлэн зарлаж, шүгэл үлээсэн иргэнийг хамгаалж урамшуулах хуультай болох юм байна. Төр түмэн нүдтэй, төрийн тэргүүн хоёр нүдтэй. Олж мэдсэн бол хэн ч авлигын талаар шүгэлдэж исгэрч, хүүлж гууглаж, зарлаж мэдээлээд хуулиар хамгаалж урамшуулал хүртэнэ. Нэргүй матаас сэргэнэ гэж зарим нь болгоомжилж байгаа ч нэргүй биш нэртэй, матаас биш баримт байх юм байна.  

Хоёр дахь нь шүүр. Төрийг хур хог шорооноос нь цэвэрлэж шүүрдэнэ. Тансаг том хаус, тас хар машинуудаа шударгаар олж авсан гэдгээ нотолж чадахгүй бол, цалин орлогоос нь зарлага нь давсан бол туужуурын үс, шүүрийн үзүүрт өртөх юм байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээс гадна зарлага, зардлыг нь хянана. 

Гурав дахь нь шувуу. Уул хаданд нуугдсан шилийн сайн эрчүүд биш улс орон дамжин бултсан шилийн муу эрчүүдийг олж авчирна. “Эрдэнэставантолгой”-н анхны захирал, 10-аад жилийн өмнө шилэрсэн Энэбиш, УАЗ-469-өөр 4 жилийн өмнө хил гарч, Сингапурт улаан өмдтэй зургаа авхуулж суугаа Ж.Бадамжунай, гялс эмнэлэгт үзүүлчхээд ирье гэж хэлээд Америкт орогнол хүсэж, тэндээсээ лайв хийдэг Ч.Сайханбилэг нарыг шувуу зуугаад ирнэ. Тавантолгой төмөр замын Н.Удаанжаргал зовлонгийн хурдан нь дээр болохыг зөвхөн Монголдоо мэдрэх юм байна. 

4 дэх нь шилжүүлэн авах ажиллагаа. АТГ 2022 онд авлигын 2,5 их мөнгө, эд хөрөнгө олж тогтоон битүүмжилсэн. Англид авлигын мөнгөө авсан орон сууцыг улсын орлого болгосон. Балти орчмын нэг улсад авлигын мөнгөөр нээсэн хадгаламж олсон. Энэ бүх эд хөрөнгийг эрүүл мэнд, сургууль боловсрол, гэмт хэргээс сэргийлэх зэрэгт яаж юунд зарцуулах гэдгийг шийдэх юм байна. Авлига том асуудал. Авлигын хэргээс хураагдсан эд хөрөнгө нь хүртэл том асуудал болсон байна.

5 дахь нь шил. Төрийн нэртэй хэний ч биш хэдэн улс төрчдийн хөрөнгө болсон компаниудын хаалгыг нээж шиллэх юм байна. Захирал, ТУЗ, удирдлагыг нь нээлтэй шалгаруулж томилно. Зөвшөөрөл нэртэй хоригуудыг цахим болгож, түшмэлтэй нүүр тулж, гар хүндрүүлж, ханцуй дотроо өгөө аваатай уулздагийг болиулахыг зорьж байгаа юм байна. 

Таны сурталчилгаа