Цаг үеийн мэдээ

Турк, Сирийн нутагт долоо хоног гаруйн өмнө хоёр ч удаа хүчтэй газар хөдөлсний улмаас амь үрэгдсэн иргэдийн тоо өнөөдрийн байдлаар 36,000-д хүрээд байна. Аврагчид байгалийн гамшгийн үеэр барилга байшингийн нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд аврахаар цаг хугацаатай уралдсаар байгаа юм. Туркийн нутаг дэвсгэрт 31,000 гаруй, Сирийн нутагт 5,000 орчим хүн амь үрэгджээ.

Даваа гарагт Туркийн нутагт ажиллаж байгаа аврагчид нурангин доор 182 цаг дарагдсан 13 настай Каан нэртэй хүүг эсэн мэнд аварсан бол бараг найм хоногийн дараа буюу 178 цаг нурангид дарагдсан Мирай гэх охин, 175 цаг дарагдсан Найде Умай нарыг мөн эсэн мэнд аварчээ. Нурангид дарагдсан иргэд усгүйгээр төдийлөн удаан амьд байж чадахгүй тул нас барагсдын тоо цаашид хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй гэдгийг НҮБ-ын хүмүүнлэгийн газраас анхааруулаад байна. 

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гамшгийн бүстэй биеэр очиж танилцсаныхаа дараа газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байшин барьсан 100 гаруй хүнийг холбогдуулан шалгаж, 12 хүнийг баривчлан саатуулжээ. 

Эх сурвалж: BBC, CNN

Таны сурталчилгаа