Цаг үеийн мэдээ

Шинэ Зеланд улсын нутаг дэвсгэрийг Габриэль хар салхи дайран өнгөрч их хэмжээний гарз хохирол дагуулаад байгаа тул улс даяар онц байдал зарласан байна. Тус улс түүхэндээ ердөө гурав дахь удаагаа ийм өндөр түвшний гамшгийн эсрэг онц байдал зарлаж байгаа ажээ.

Онцгой байдлын яамны сайд Киеран МакАнулти мягмар гарагийн өглөө үндэсний хэмжээнд онц байдал зарлах тушаалд гарын үсэг зурсан байна. Шинэ Зеландын Нортлэнд, Окленд, Тайравхити, Плентийн булан, Вайкато, Хавкесын нутаг дэвсгэрт онц байдлын хууль дүрэм үйлчлэх ажээ. 

Габриэль хар салхины улмаас мягмар гарагийн өглөөний байдлаар 38,000 өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Тус улсын хамгийн том хот Оклендэд байгалийн гамшгийн үеэр 30 метр өндөр цамхаг нурах эрсдэлд орсон тул 50 гаруй айл өрхийн иргэдийг нүүлгэн шилжүүлжээ. 

Онц байдал зарласны хүрээнд байшин барилга нурсан бүсэд цэвэрлэгээ хийх, гарз хохирол тохиосон газруудад нэмэлт тусламж хүргэх юм байна. Мөн шаардлагатай тохиолдолд тээвэр зуучлалыг хязгаарлах зэрэг Засгийн газарт иргэдийг аюулаас аврахын тулд илүү эрх мэдэл олгож байгаа ажээ. 

Шинэ Зеландын шинэ Ерөнхий сайд Крис Хипкинс 11,5 сая шинэ зеланд долларын тусламжийн багц олгохоор баталсан байна. Габриэль хар салхи нутгийн хойд хэсгээр шуурч, дөрвөн хүн амь эрсдээд байна. Цаг агаарын хүрээлэнгээс Хавкесын буланд сүүлийн 24 цагийн дотор 100-260 мм зузаан хуртунадас унасныг мэдээлжээ. Мөн Эйр Шинэ Зеланд олон улсын нислэгийн компанийн 509 нислэг цуцлагдаж, 10,000 иргэн гацаад байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа