Цаг үеийн мэдээ

Шотландын тэргүүн сайд хатагтай Никола Стержеон найман жил гаруйн дараа огцрох болсон тухайгаа лхагва гарагт гэнэтийн байдлаар мэдэгдсэн байна. Тэрээр дараагийн тэргүүн сайд сонгогдох хүртэл албан тушаалдаа үлдэнэ гэжээ.

Никола Стержеоныг огцрохоо мэдэгдсэний дараа Шотландын улс төрийн намууд дараагийн тэргүүн сайдын эрэлд гараад байна. Эрх баригч Шотландын Үндэсний нам пүрэв гарагт хуралдаж дараагийн удирдагчийг сонгох хугацаа, товыг тогтооно.

Одоогоор Стержеоны халааг залгамжлах итгэлтэй бөгөөд илэрхий нэр дэвшигч байхгүй ажээ. Шотландын Эрүүл мэндийн сайд Хумза Юсаф, Шүүх яамны сайд Кэйт Браун, тэргүүн дэд сайд Жон Свинни, Сангийн сайд Кэйт Форбес нарын дунд өрсөлдөөн гарч болзошгүй гэсэн таамаг байна. 

Эдинбургийн Буте ордонд хийсэн мэдэгдэлдээ Стержеон уг шийдвэрийг гаргахын тулд нэлээд их цаг хугацаа зарцуулж, нухацтай бодсон гэжээ. Түүний хэлснээр суудлаа шилжүүлэх цаг ирсэн гэдгийг тархи болон зүрх сэтгэлээрээ нэгэн зэрэг мэдэрсэн гэдгийг дурдсан байна. Энэ нь өөрт нь төдийгүй намд нь, улсад нь хэрэгтэй гэдгийг ойлгосон гэжээ.

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа