Шинэ Зеланд улсын умард арлыг Габриэль хар салхи дайран өнгөрч, үерийн аюул нүүрлээд байна. Байгалийн гамшгийн улмаас нас барсан хүний тоо өнөөдрийн байдлаар тав болж нэмэгджээ.
Аврагчид үерт автахаас зугтаж барилга байшингийнхаа дээвэр дээр гацсан 300 орчим хүнийг нисдэг тэргээр аварсан байна. Үертэй зэрэгцэн лхагва гарагт умард арлын ойролцоо 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Одоогоор газар хөдлөлтийн улмаас гарз хохирол учирсан тухай мэдээлээгүй байна.
Шинэ Зеландыг дайран өнгөрсөн хар салхины улмаас 10,000 гаруй иргэн орон гэрээсээ дүрвэжээ. Ерөнхий сайд Крис Хипкинс улс орны түүхэн дэх гурав дахь удаагийн өндөр хэмжээний онц байдал зарласан. Цагдаа нар одоог хүртэл сураггүй байгаа иргэдийг эрэн хайх аврах ажлыг үргэлжлүүлж байна.
Мөн Габриэль хар салхи зуун жилийн хугацаанд Шинэ Зеландад тохиосон хамгийн хүнд байгалийн гамшиг бөгөөд таван сая хүн амын 30 орчим хувь нь их бага хэмжээтэйгээр өртсөн гэж Ерөнхий сайд мэдээлжээ. Хойд хэсгийн Хаукийн булан, Коромандел, Нортландын газар нутаг хамгийн их гарз хохирол амссан байна.
Эх сурвалж: ВВС