Иран улсын сургуулиудад өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш 700 орчим эмэгтэй сурагчийг хорт хийгээр хордуулжээ. Тус улсын эрх баригчид уг хэргийг мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн байна.
Удаа дараалан гарсан халдлагуудын улмаас сурагч амиа алдсан тохиолдол гараагүй ч тэдгээр охидыг сургуульд явуулахгүйн тулд халдлагыг үйлдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Хорт хийн халдлагад өртсөн эмэгтэй сурагчдын амьсгалын замын эрхтэн тогтолцоо гэмтэж, дотор муухайрах, толгой эргэх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрчээ.
Ираны эрүүл мэндийн дэд сайд өнгөрсөн ням гарагт хийсэн мэдэгдэлдээ охидыг хордуулсан үйлдэл нь бүх сургууль, нэн ялангуяа охидын сургуулийг хаалгахыг хүссэн гэмт үйлдлийн нотолгоо гэдгийг онцолсон байна. Улсын Ерөнхий прокурор өнгөрсөн долоо хоногоос эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажлыг эхлүүлсэн боловч олон нийтийн дунд бухимдал нэмэгдсээр байгаа юм.
Цуврал гэмт халдлагын хамгийн эхнийх нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 30-ны өдөр болжээ. Ком мужийн нийслэл Ком хотын Ноур техникийн сургуулийн 18 сурагч хийнд хордож эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүнээс хойш Ком мужид сургуулиудад хордсон сурагчид ээлж дараалан эмнэлэгт очих болжээ. Өнгөрсөн долоо хоногт Боружерд хотын дөрвөн сургуульд 194 охин хордсон байна.
Мөн мягмар гарагт Тегераны ойролцоо Пардис хотын охидын сургуульд 37 эмэгтэй сурагчийг хордуулсан тухай мэдээлжээ. Хордсон охидод өвчин зовуурь илрэхээс өмнө муудсан загас юм уу мандарин үнэртэж эхэлдэг байна.
Эх сурвалж: ВВС