Перу улсын цагдаа нар хүргэлтийн ажилтны температур хадгалагч цүнхнээс занданшуулсан шарил олсон байна.
Археологийн олдвороор баялаг Пуно хотын цэцэрлэгт хүрээлэнд согтууруулах ундаа хэрэглэж байсан гурван этгээдийг цагдаа нар өнгөрсөн амралтын өдөр шалгажээ. Ингэхэд 26 настай эрэгтэйн хүргэлтийн цүнх дотроос занданшуулсан шарил олджээ.
Улаан өнгийн температур хадгалагч цүнхнээс олдсон шарилыг 600-800 жилийн настай гэж урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Орон нутгийн хэвлэлүүдэд мэдээлснээр шарилыг авч явсан эрэгтэйг саатуулжээ. Уг эрэгтэй занданшуулсан шарилыг Жуанита хэмээн нэрлэсэн байсан ба өөрийнхөө оюун санааны сүнслэг найз бүсгүй гэж хэлжээ.
Шарилыг авч явсан эрэгтэйн нэрийг Жулио Кесар Бермежо гэж хэвлэлүүд бичжээ. Бермежо сүнслэг найз бүсгүйгээ өрөөндөө хадгалж, цуг унтаж, анхаарал халамж тавьдаг тухайгаа ярьсан байна. Гэвч уг занданшуулсан шарил нь үнэн хэрэгтээ нас биед хүрсэн эрэгтэй хүний шарил болохыг тогтоожээ.
Шарилыг Перу улсын Соёлын яам хадгалж байгаа бөгөөд үндэсний өв соёлын нэгээхэн хэсэг гэж үзжээ. Перу улсын археологийн дурсгалт газруудаас урьд өмнө хэд хэдэн занданшуулсан шарилууд олдож байсан удаатай. 2021 онд 800 болон 1,200 жилийн настай занданшуулсан шарилууд тус тус олдож байжээ.
Эх сурвалж: CNN