Грек улсад мягмар гарагийн орой 350 хүнтэй зорчигч тээврийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас амь үрэгдсэн хохирогчдын тоо 57 болж нэмэгдлээ. Уг галт тэрэгний осол олон нийтийн салбарын алдаатай бодлогоос үүдэлтэй гэж Засгийн газар мэдэгдсэн байна.
Хариуцлагагүй алдаанаас болж олон арван иргэн нас барсан харамсалтай явдлыг эсэргүүцэж Грекийн нийслэл Афин хот дахь “Hellenic Train” галт тэрэгний компанийн төв байрнаас Парламентын ордон хүртэл мянга мянган иргэн жагсжээ. Жагсагчид хүйтэн бороо, аянга цахилгааныг үл хайхран “энэ гэмт хэргийг хэзээ ч мартах ёсгүй” хэмээн хашхиран жагсжээ.
Амиа алдсан 57 хүн бараг бүгд оюутнууд байжээ. Түүнчлэн эрх баригчдын мэдээлснээр 56 хүн ослын дараа сураггүй хэвээр байна.
Жагсагчдын дундаас эдгээр залуусын үхэл иргэдийн дуу хоолойг нэгтгэх болно, хэрэв төр хүссэн бол уг ослоос сэргийлж чадах байсан гэх уриалга, шүүмжлэл гарчээ. Нийслэл Афин хотоос гадна хэд хэдэн томоохон хотуудад жагсаал болсон байна. Жагсагчид чулуу, галт бөмбөг шидэж цагдаа нартай мөргөлдсөн тохиолдол ч гарчээ.
Жагсаалтай зэрэгцэн галт тэрэг, метроны ажилчид ажил хаялт зарласан байна. Ажил хаялт энэ долоо хоногийн бямба гараг хүртэл үргэлжлэхийг үйлдвэрчний эвлэлүүд нь мэдээлжээ.
Эх сурвалж: The Guardian