Хэрэв одоогоос тэмцэж эхлэхгүй бол дэлхийн хүн амын тэн хагасаас илүү нь 2035 он гэхэд таргалалт буюу илүүдэл жинтэй болно гэсэн судалгааг Дэлхийн таргалалтын холбоо хийжээ.
Одоо байгаа хурдаар тооцоолбол 10 гаруй жилийн дараа гэхэд дөрвөн тэрбум гаруй хүн таргалалтад өртөх аж. Нэн ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд таргалалт хурдацтай нэмэгдэж байгааг тус байгууллага анхаарууллаа.
Түүнчлэн Ази болон Африкийн бага, дундаж орлоготой улс орнуудад таргалалт хамгийн өндөр хувиар нэмэгдэх юм байна. Мөн 2035 оноос хойш дэлхий даяар таргалалтад жил бүр дөрвөн их наяд ам.доллароос илүү мөнгө зарцуулагдах төлөвтэй байна.
Дэлхийн таргалалтын холбооны Ерөнхийлөгч профессор Луис Баур таргалалт, жингийн илүүдэл иргэдийн дунд нэмэгдэх өндөр эрсдэлтэй улс орнууд одоогоос тэмцэх арга хэмжээ авахыг анхааруулжээ.
2020 оноос 2035 оны хооронд эрэгтэй, эмэгтэй хүүхдүүдийн дунд жингийн илүүдэл хоёр дахин нэмэгдэхийг судалгаагаар харуулсан байна. Тиймээс өсвөр насныхан, залуу үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, нийгэм эдийн засгийн салбарт учирч болзошгүй зардлаас зайлсхийхийн тулд бодлого төлөвлөгчид, засгийн газрууд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг Паур онцолжээ.
Тэрээр таргалалттай тэмцэхийн тулд таргалалтын үндэс суурь болсон салбар, тогтолцоог өөрчлөхийг уриалсан байна. Таргалалт нэмэгдэх нь боловсруулсан бэлэн хоол хүнсийг өдөр тутам хэрэглэх, суурин зан төлөв нэмэгдэх, хоол хүнсний аюулгүй байдлыг хянах хамгаалах бодлого сулрах, эрүүл мэндийн боловсрол тэр дундаа жингээ хадгалах эрүүл мэндийн мэдлэг хангалттай биш зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэйг судлаачид тогтоожээ.
Эх сурвалж: ВВС