Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис өнгөрсөн долоо хоногт болсон галт тэрэгний ослоор амиа алдсан 57 хохирогчийн ар гэрийнхнээс өршөөл эрж буйгаа мэдэгджээ.
Уг галт тэрэгний ослоор амиа алдсан хохирогчдын дийлэнх нь оюутан залуус байсан юм. Осол гарах шалтгааныг бүрдүүлсэн эрх баригчдыг эсэргүүцсэн жагсаал Грек улсын нийслэл Афин болон бусад томоохон хотуудад хэд хоногийн турш үргэлжилж байна.
Өчигдөр Афин хот дахь мянга мянган жагсагч цагдаа нартай мөргөлджээ. Хотын цагдаагийн мэдээлэлд дурдсанаар 12,000 хүн жагсаалд нэгдсэн байна. Мөргөлдөөний улмаас цагдаагийн долоон офицер гэмтэж, таван жагсагчийг баривчлан саатуулжээ.
Жагсагчдын зарим нь хогийн савнуудыг галдан шатааж, шатамхай бөмбөгнүүдийг тарааж хаясан байна. Цагдаа нар үүний хариуд нулимс асгаруулагчаар шүршиж, Синтагма төв талбайг жагсагчдаас хормын дотор чөлөөлжээ.
Мөн иргэд галт тэрэгний ослоор нас барсан иргэдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж хар өнгөтэй олон зуун агаарын бөмбөлөг тэнгэрт хөөргөсөн байна. Зарим бөмбөлгүүд дээр “алуурчин засгийн газрыг татан буулга” гэсэн үгсийг бичжээ.
Долоо хоногийн өмнө болсон ослын үеэр зорчигч тээврийн галт тэрэг ачаа тээврийн галт тэрэгтэй нэг зам дээр мөргөлдсөн нь хүний буруутай үйл ажиллагаанаас угшилтай гэж үзсэн.
Лариссад ажиллаж байсан 59 настай станцын мастерыг санамсаргүй байдлаар хүний амь насанд хүрсэн хэрэгт буруутган баривчлан саатуулжээ. Хэрэв түүний гэм буруутайг тогтоовол багадаа 10 жил, ихдээ бүх насаар нь хорих ял онооно.
Эх сурвалж: ВВС