Цаг үеийн мэдээ

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Японд албадан хөдөлмөр эрхэлж байсан БНСУ-ын иргэдэд нөхөн төлбөр олгохоор болсныг Сөүл даваа гарагт зарлалаа. Япон болон Өмнөд Солонгосын эрх баригчид колонийн үед хүйтэрсэн харилцаагаа сайжруулах удаан хугацааны хүчин чармайлт нь нэг алхмаар урагшилсан сайшаалтай үйл явдал тохиолоо гэж үзжээ.

Гэвч дайны үед бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон иргэд, тэдний гэр бүл болон уг ажлыг эсэргүүцэгчид Японы Засгийн газарт хариуцлага тооцолгүй өнгөрсөнд сэтгэл дундуур үлдсэн байна. Нөхөн төлбөрийг Өмнөд Солонгосын Засгийн газар олгох ёсгүй гэж үзжээ.

Дайны үед Японы үйлдвэр, уурхайнуудад 150,000 солонгос иргэн албадан хөдөлмөр эрхэлж байсан юм. Япон улс Солонгосын хойгийг 1910-1945 оны хооронд колоничилж байсан түүхтэй.

Засгийн газрын шийдвэр гарсны дараа даваа гарагт Сөүл дэх Гадаад хэргийн яамны гадаа жагсагчид жагсаал хийсэн байна. Тэд Засгийн газар болоод компаниуд олон нийтийн төсвийн мөнгөнөөс хохирогчдод нөхөн төлбөр олгох шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ. 

Японы тал өөрийн улсын хоёр компани дайны хохирогчдод нөхөн төлбөр төлөх дарамтаас мултарсан явдлыг таатайгаар хүлээж авсан байна. Уг нь Өмнөд Солонгосын эрх баригчид Токио нөхөн төлбөрийг олгох ёстой гэж үзэж байсан юм. 

2018 онд Өмнөд Солонгосын дээд шүүх Японы компаниудыг Солонгосын 15 иргэнд нөхөн төлбөр олгох ёстой гэж шийдвэрлэсэн ч Мицүбиши болон Ниппон Стийл компаниуд шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс татгалзсан. Харин өнгөрсөн жил сонгогдсон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сукёл бүс нутагт Японтой харилцаагаа сэргээх оролдлого хийх болсон юм. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа